МУБИС-ийн Монгол Судлалын сургуулийн утга зохиолын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Оюунбадрах
“Хүн болох багаасаа” гэж ардын
мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир
эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх
хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм.
Энэ хэрэгт орчны нөлөө нэн
чухал үүрэгтэй байдаг. Хамгаас урьтаж эцэг эх нь хүүхдээ хэлд орох үеэс нь зөв
хэлүүлж, зөв дуудуулж, ээрч мааралгүй төлөв төвшин яриулж сургах учиртай.
Ухаант ард түмэн маань энэ бүхнийг эртнээс ажиглан мэдэж дэс дараатай олон
аргыг практик амьдралаасаа сонгон олсныг эдүгээ эрдэмтэн судлаачид шинжлэх
ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна.