БАГА АНГИЙН БАГШ НАРЫН“ХӨГЖИЛ” ХОЛБООНЫ ДҮРЭМ

Үүсгэн байгуулагчийн 2013 оны 11 сарын 18-ны 01 тоот
шийдвэрээр  батлав


БАГА АНГИЙН БАГШ НАРЫН “ХӨГЖИЛ” ХОЛБООНЫ ДҮРЭМ
Нэгдүгээр бүлэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.    дүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1.  Төрийн бус байгууллагын нэр:
Монголоор: БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО
Товчлол:     БАБХХ
Англиар:     Mongolian  Primary Teachers  Devolopment Association
Товчлол:     MPTDA 
1.2.  Үүсгэн байгуулсан он,сар, өдөр:   2013 оны 11 дугаар сарын18-ны өдөр.
1.3.  БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХӨГЖИЛ ХОЛБОО нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож,  багшийн хөгжлийг дэмжин ажилладаг  ашгийн төлөө бус байгууллага мөн.
1.4.  Хаяг: СБД. 5-р хороолол, 5-р хороо. Нарны замын 13/2,  И-мэйл хаяг : babhh.info@gmail.com Харилцах утас: 99285211
2.    дугаар зүйл. БАБХХ ТББ-ын зорилго, зорилт, үйл ажиллагааны чиглэл
2.1.  БАБХХ-ны зорилго нь Бага ангийн багш нарт мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь онол, арга зүйн чиглэлээр мэргэжлийн тулалцаа дэмжлэг үзүүлэх, багшийг хөгжих боломж нөхцлийг бүрдүүлэх, бага боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулна. 
2.2.  БАБХХ-ны зорилт:
2.2.1.    Шилдэг багш нарын баг, хамтлагийг бий болгох, тэднийг хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх
2.2.2.    Орчин үеийн онол, үзэл хандлагад суурилсан арга зүйн туршлага нэвтрүүлэх, хамтарч бүтээл хийх
2.2.3.    Сурган хүмүүжүүлэх судалгаа хийхэд зөвлөх, судалгааны ажлыг нь дэмжих
2.2.4.    Багш нарын сурган сэтгэл судлалын боловсролыг болон мэргэшлийн ур чадвар, арга зүйг дээшлүүлэхэд чиглэсэн орчин үеийн хэлбэрээр сургалт зохион байгуулах Үүнд:
      • Төвлөрсөн сургалтууд
      • Орон нутгийн сургалтууд
      • Ажлын байранд дээр хөгжих боломж бүхий цахим сургалт
      • Туршлага солилцох сургалт
2.3.  Гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоож, үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх, хөгжингүй орнуудын туршлага судлах,  солилцох, хамтран ажиллах
2.4.  Багш нарын амжилт бүтээлийг үнэлэх, урамшуулах
2.5.  Багш нарын ур чадвар, сурган, сэтгэл судлалын боловсролыг дээшлүүлэх зорилгоор арга зүйн зөвлөмж, гарын авлага, сонин,  сэтгүүл гаргаж ажиллах
2.6.  БШУЯ болон мэргэжлийн байгууллагаас багш нарыг хөгжүүлэх  талаар авч буй арга хэмжээ ,хэрэгжүүлэх төслүүдэд оролцох, тендер санал боловсруулах
2.7.  Багшийн ёсзүйн дүрмийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах
2.8.  ТББ нь өөрийн блог, сайттай байна.
2.9.  БАБХХ нь өөрийн тэмдэг, бэлэгдэл,  данс, албан бичгийн нүүртэй байна.  
2.10. Тус Холбоо нь Орон нутгийн салбар зөвлөлтэй байна.
Хоёрдугаар бүлэг.  ХОЛБООНЫ БҮТЭЦ , ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.    дугаар зүйл. БАБХХ-ны Удирдах Зөвлөл
3.1.        Холбооны эрх барих дээд зөвлөл нь удирдах зөвлөл байна.
3.2.        Холбооны удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүд нь 4 (дөрөв) жилийн хугацаатай сонгогдоно. Улиран сонгогдож болно.
3.3.        Холбооны удирдах зөвлөл нь ээлжит ба ээлжит бус хуралтай байна.
3.4.        Ээлжит хурал улиралд 1 удаа хуралдах ба шаардлагатай үед ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
3.5.         Удирдах зөвлөлийн хурал нь зөвлөлийн гишүүдийн 60-аас дээш хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болж, хэлэлцсэн асуудлын дагуу санал хураалтыг илээр явуулж олонхийн саналаар шийдвэр гаргана. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг тогтоол гаргаж баталгаажуулна. Гэхдээ хувь хүний нэр төр, эрх ашигтай холбогдсон асуудлыг нууцаар санал хурааж шийдвэрлэнэ.
3.6.        Удирдах Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүйд хүрвэл тухайн хурлын хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж өөрийн саналаа хурлын өмнө бичиг /факс, емайл /-ээр ирүүлж болно. Энэ саналыг тухайн хурлын санал хураалтын тоонд оруулж шийдвэр гаргана.
3.7.        Удирдах Зөвлөл дор дурьдсан чиглэлийн дагуу өөрийн үйл ажиллагааг зохицуулан явуулна.Үүнд:
3.7.1.  Холбоонд гишүүнээр элсүүлэх, гишүүнээс гарах
3.7.2.  Гишүүдээс гаргасан нийтлэг санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
3.7.3. Холбооны гишүүн гадаадын ижил төстэй болон сонирхогч байгуулллагуудтай холбоо тогтоох, гэрээ хэлэлцээр байгуулахад нь үйлчлэн зуучлах, тэднийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах
3.7.4.  Холбооны гишүүдийн дагаж мөрдөх дотоод ёс зүйн дүрэм журмууд, мэдээ тайлан, маягтуудын загварыг боловсруулан мөрдүүлэх
3.7.5. Гишүүдийн үйл ажиллагаа болон нийгмийн асуудлаар судалгаа гаргаж, төрийн байгууллагад санал дэвшүүлж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ авах
3.7.6. Удирдах Зөвлөл нь дотоод журмаа батлан ажиллахын  зэрэгцээ дараах ажлын алба, хэсгүүдийг Удирдах зөвлөлийн гишүүд болон бусад мэргэжилтнүүдээс бүрдүүлэн зохион байгуулж, ажиллуулж болно. Үүнд:
а\ Дотоод ажлын
б\Бодлого төлөвлөлтийн
в\ Харилцаа, хамтын ажиллагааны,
г\ Сургалт, мэдээлэл, сурталчилгааны гэх мэт.
3.7.7.  Удирдах Зөвлөлийн хурлаас Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Холбооны тэргүүнийг нууцаар санал хурааж сонгох
3.7.8.     Удирдах Зөвлөл нь ажлын өндөр амжилт бүтээл гаргасан гишүүн байгууллага, хувь хүнийг төр, засгийн болон Холбооны  шагнал урамшуулал, цол хэргэмд хамруулах ажил зохион байгуулах
3.7.9.    Удирдах Зөвлөлийн гишүүн нь ямар нэг хүндэтгэх шалтгаангүйгээр 3-аас дээш удаа хуралд оролцоогүй тохиолдолд өөрийнх нь хүсэлт болон Удирдах Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж нөхөн сонгуулийг Удирдах зөвлөлийн хурлаар явуулж, энэ хурлын сонгуулийн шийдвэр Холбооны хурал хүртэл хүчин төгөлдөр байна.
3.7.10. Онцгой тохиолдолд Удирдах Зөвлөлийн хурлыг мэргэжлийн хүмүүсийн оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр хийж болно. Өргөтгөсөн хуралд оролцогчид саналын эрхгүй бөгөөд зөвхөн зөвлөх эрх эдэлнэ.
3.7.11.  Удирдах Зөвлөл нь өөрийн эрх, үүргийн дагуу Холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулна.
3.7.12. Удирдах Зөвлөлийн хурлаас Холбооны гүйцэтгэх захирлыг  1 жилийн хугацаатай томилно.
3.8.       Холбооны удирдах зөвлөлийн гишүүн нь дараах бүрэн эрхийг эдлэнэ
3.8.1.      Удирдах зөвлөлийн хурлаар тодорхой асуудал хэлэлцүүлэх, саналаа өгөх
3.8.2.     Холбооны удирдах зөвлөлийн хуралд асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд санал өгөх эрхтэй оролцох
3.8.3.    Холбооны удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асуух, хариулт авах, санал дүгнэлт гаргах
3.8.4.     Холбооны сонгуульт албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрийг дэвшүүлэх
3.9.        Холбооны удирдах зөвлөлийн гишүүн нь дараах үүргийг хүлээнэ
3.9.1.     Удирдах зөвлөлийн дотоод журмыг сахин биелүүлэх
3.9.2.     Үйл ажиллагаандаа гишүүдийн нийтлэг ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавих
3.9.3.    Удирдах зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцож, олонхийн саналаар шийдвэрлэгдсэн асуудлыг хүндэтгэж, хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох
3.9.4.     Удирдах зөвлөлийн гишүүний хувьд үг хэлэх , санал гаргах , дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай байж, Холбооны үндсэн зорилгыг дээдлэн хэрэгжүүлэхэд санаачлагатай хандах.
3.10.    Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ
3.11.    Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.
3.11.1.          Өөрийн хүсэлтээр
3.11.2.          Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй
3.11.3.        Монгол Улсын Хууль тогтоомж, ТББ-ын дүрмийг удаа дараа ноцтой зөрчсөн бол
4.    дүгээр зүйл. Холбооны Удирдах Зөвлөлийн дарга
4.1.     Удирдах зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж, ажлын тайланг илтгэнэ.
4.2.     Удирдах зөвлөлийн дарга нь гүйцэтгэх удирдлагын бүтэц зохин байгуулалтаа боловсруулж, удирдах зөвлөлд оруулж батлуулна.
4.3.      Удирдах зөвлөлийн дарга нь хүндэтгэх шалтгаанаар эзгүй байх тохиолдолд Удирдах Зөвлөлийн аль нэг гишүүнийг өөрийн тушаалаар үүрэг гүйцэтгэгчээр түр томилно.
4.4.     Удирдах зөвлөлийн дарга нь Холбооны гишүүдийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор холбогдох байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэхдээ уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дийлэнх олонхийн саналаар баталсан байна.
4.5.        Удирдах зөвлөлийн дарга нь тэргүүний хувьд холбооны зорилго, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар  төр, засгийн байгууллага болон бусад эрх бүхий байгууллагад Холбооны байр суурийг илэрхийлэн Холбоог төлөөлж ажиллана.
4.6.        Удирдах зөвлөлийн дарга нь ТББ-ыг гадаад дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хурлыг даргалах, удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд ТББ-ын өмч хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй байна
4.7.     ТББ-ын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрт холбогдох аливаа асуудлыг УЗХ-аар санаачлан хэлэлцүүлэх эрхтэй.
5.    дугаар зүйл. Холбооны гүйцэтгэх захирал
5.1.   Гүйцэтгэх захирал нь орон тооны ажилтан байх бөгөөд БАБХХ-ны Удирдах Зөвлөлтэй  гэрээ байгуулна.
5.2.  Холбооны дүрэм, удирдах зөвлөлийн даргатай байгуулсэн гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх захирал нь Холбооны нэрийн өмнөөс төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төлөөлж ажиллана.
5.3.   Гүйцэтгэх захирал нь ажлын албатай байх бөгөөд дараах үндсэн эрх үүргийг хүлээнэ. Үүнд:
5.3.1. Удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх
5.3.2.  Холбооны гишүүдийн судалгаа, хөдөлгөөн, холбогдох мэдээ тайланг нэгтгэн гаргах
5.3.3. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг биечлэн удирдаж, батлагдсан төсвийн дагуу эд хөрөнгийг захиран зарцуулах
5.3.4. Холбооны санхүүгийн тайлан тэнцлийг хугацаанд нь гаргаж, холбогдох мэдээ, тайланг удирдлага хяналтын байгууллагад хүргэж байх
5.3.5. Холбооны гишүүдээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх
5.3.6. Холбооны үүрэг, зорилго, гишүүдийн үйл ажиллагааны тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах
5.3.7.    Гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.
6.    дугаар зүйл. Холбооны гишүүн ба түүний эрх, үүрэг
6.1.   Гишүүдийн үндсэн зорилго нь багшийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний хөгжлийг дэмжиж буй үйл ажиллагаа, ач холбогдлыг бага ангийн багш нарт сурталчлах, өөрийн хөгжил болон бага боловсролын шинэчлэлийн төлөө тэмцэж ажиллана.
6.2.  Гишүүд нь өөрийн байгууллагад  Холбооны  дүрмийг хэрэгжүүлж ажиллана.
6.3.  Холбооны гишүүн нь сайн дурын байна.
6.4.  Холбооны гишүүн нь дараах эрхтэй байна.
6.4.1. Удирдах зөвлөлд сонгогдох, сонгох
6.4.2. Гишүүн нь холбооны үйл ажиллагааны талаар санал шүүмжлэл гаргах, холбогдох мэдээллийг гаргуулах
6.4.3. Холбооны гишүүн нь хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулж, холбооны удирдах байгууллагаасаа дэмжлэг авах
6.4.4. Холбооны гишүүнээс гарах
6.5.  Гишүүн нь дараах үүрэгтэй байна.
6.5.1. Холбооны дүрэм болон удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх
6.5.2. Мэргэжил нэгтэй багш нарынхаа төлөө санаа тавьж ажиллах
6.5.3. Холбооны удирдах байгууллагын үүрэг даалгаварыг биелүүлэх
6.6.  Холбооны гишүүн болон Удирдах зөвлөлийн гишүүний хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол, түүнээс үүссэн хариуцлагыг Холбоо хүлээхгүй
6.7.  Холбооны гишүүн нь Холбооны нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, өөрийн эрх ашгийн үүднээс элдэв амлалт, үүрэг хүлээх, Холбооны нэрийг ашиглахыг хориглоно.
7.    дүгээр зүйл: Орон нутгийн төлөөлөлийн эрх үүрэг
7.1.  Холбооны дүрэм, удирдах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд орон нутгийн төлөөлөл нь Холбооны нэрийн өмнөөс орон нутгийн байгууллагууд, багш нартай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, төлөөлж ажиллана.
7.2.   Орон нутгийн төлөөлөл дараах үндсэн эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:
7.2.1. Удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх
7.2.2. Холбоог дэмжсэн хандив тусламжийг хүлээн авах, холбоонд мэдээлэх, хүргүүлэх
7.2.3.  Холбооны гишүүдийн судалгаа, хөдөлгөөн, холбогдох мэдээ тайланг нэгтгэн холбоонд ирүүлэх
7.2.4. Холбооны гишүүдээс ирсэн санал, хүсэлтийг Холбоонд хүргүүлж шийдвэрлүүлэх
7.2.5. Холбооны үүрэг, зорилго, гишүүдийн үйл ажиллагааны тухай орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах
 Гуравдугаар бүлэг. Холбооны санхүүжилт
8.    Холбооны орлого,  зарцуулалт
8.1.   Холбооны орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
8.1.1.    Байгууллага, иргэдийн хандив, тусламжийн орлого
8.1.2.    Холбооны зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого
8.2.   Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
8.3.   Холбооны сургалтын үйл ажиллагаанаас олсон орлогыг сонин сэтгүүл, зөвлөмж гаргах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, багшийн сургалтын зардал, холбооны бусад үйл ажиллагаанд  зориулан зарцуулна.
8.4.   Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болон орон тооны албан тушаалтнуудаас Холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
8.5.   Холбоо нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, хот орон нутгийн Иргэдийн Төлөөллөгчдийн Хурлын сонгууль, нам, эвслийн нэр дэвшигчдэд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.
Дөрөвдүгээр бүлэг. Бусад зүйл
9.    дугаар зүйл. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
9.1.   Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ
9.2.   Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж батласнаар хүчин төгөлдөр болно.
10.  дугаар зүйл. Холбооны үйл ажиллагааг өөрчлөх, татан буулгах
10.1. Холбоог өөрчлөн байгуулах буюу татан буулгах асуудлыг Удирдах зөвлөлийн  хурлаар шийдвэрлэнэ.


10.2. Холбоог татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд татан буулгах комисс байгуулж, хуульд заасны дагуу уг ажлыг хийнэ. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment