БИ БАГА АНГИЙН БАГШИЙН БАГШ
(эсээ
бичлэг)
Г.Нямдаваа (Ховд Их сургууль, магистр)
“Нэг хоёр жилийн алсыг хардаг
улс хоол хүнсээ төлөвлөдөг
Хорь гучин
жилийн алсын хараатай улс мод тарих аян өрнүүлдэг.
Хоёр зуу, гурван зуун жилийн алсыг хардаг улс хүнээ хүмүүжүүлдэг”
[Дорно дахины
мэргэн үгнээс]
Манай ард
түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг “багш” хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш
гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох
тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны
үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй хүнийг эс засвал эрдэм сурахгүй” гэдэг эртний сайхан
сургаал ч бий.
Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.
... Багш аа! Тандаа баярлалаа. Энэ үгийг багшдаа хэлэх боломж
олгосон энэхүү эсээнд баярлаж байна. Учир нь талархсан сэтгэлээ илэрхийлэх гэж
үргэлж л бодож явдаг. Намайг эх хэлний багш, тэр дундаа “бага ангийн багшийн
багш” мэргэжилтэй болоход багш маань л хамгийн их нөлөөлсөн. Тэр үед би 7-р
ангид байж билээ. Манай сургууль дээр цэвэр бичигтэний уралдаан зарлагдахад би
түрүүлж байж билээ. Учир нь энэ чадварыг бага ангийн багш маань л надад олгож,
монгол хэлний эрдэнэсийн сайхан үгс, хожим монгол хэл, уран зохиолын багш маань
Ч.Лодойдамбын Тунгалаг тамир, С.Эрдэнийн Уянгын сайхан өгүүллэгүүд, М.Шолоховын
Дөлгөөн Доны амтанд оруулж, утга зохиолын яруу сайхны амтанд оруулж, багш
хэмээх эрхэм алдрыг хүртэхээр Ховд их сургуулийн Монгол хэл, уран зохиолын
багшийн ангийг зорьж билээ. Одоо харахад, 12 жил өнгөрч бага ангийн багшийн
багш буюу тэдэнд эх хэлний дидактик, хичээнгүй бичиг тэргүүтнийг
бахархалтайгаар зааж байна. Тиймээс ч би өглөө бүр хичээл, сургууль руугаа
яардаг. Энэ бол миний хоёр дахь гэр, миний мянга мянга шавь нарын эхлэл нь...
Намар намрын шувууд буцах цагаар харин оюутнууд маань
биднийг зорин ирдэг. Ингээд л шинэ оюутнууд миний адил бага ангийн багш нар
болохоор сэтгэл шулуудан лекцээ товчлонхон эхэлдэг. Би хичээл бүрийнхээ эхэнд
асуудаг. Яагаад бага ангийн багш болохоор шийдэв? Итгэлтэй байна уу?
Тэд, Манай бага ангийн багш хамгийн сайхан ааштай, хүн
бүхний үлгэр болсон яг л аав, ээж шиг минь хүн, бас гоё бичдэг, намайг дандаа л
миний хүү гээд толгойн дээр минь илдэг энэ бүгдээс багш нараасаа л мэдэрсэн гэх
олон шавийнхаа үгийг олон намар сонсоод бага ангийн багш нар маань ийм л хүмүүс
хэмээн бодогдож, дахин бага ангийн багшийг маань санагдуулдаг.
Багш хүн хүн хүүхдүүдийнхээ содон чанарыг
тодруулахгүйгээр, орчин тойрныхоо бодит байдлыг өвөрмөц хэлбэрээр ялгаж
тодруулах хүүхдийн ухаарал, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл тэдний хүртэхүйн
ертөнцийг ойлгохгүйгээр жинхэнэ сурган хүмүүжүүлэгч болж чадахгүй. Хүүхдийн
оюуны ертөнцийг хүндэтгэх гэдэг үзэл нь ертөнцийг зүрх ба ухаанаараа танин
мэдэх явдал гэж боддог. Багш байхын үнэ цэн хүүхдийг ганцхан мэдлэг эзэмших
төдийгөөр хязгаарлагдахгүйгээс гадна хүүхдийн мэдлэгийг зөвхөн тоо баллаар
хэмжихээр тодорхойлогддог биш гэж боддог. Сурлага гэдэг бол өргөн утгаар
хүмүүжил гэж нэрлэсэн тэр цэцгийн нэг л дэлбээ юм. Ялангуяа хүүхдүүдийн хүмүүжилд
сайн анхаарах хэрэгтэй хэмээн шавь нартаа байнга захидаг. Учир нь Японд
хүүхдийг сурлагаар үнэлдэггүй, харин сайхан төлөвшил, зөв хандлагыг л үнэлдэг. Энэ
зүг рүү л тэмүүлэх хэрэгтэй. Тэд аандаа цааш нь өөрсдөө явах болно.
Хүүхдийн зүрх оюунд ном сурах бичиг,
хичээл нөлөөлөхийн хамт хүүхэд төрсөн цагаасаа ном уншиж эхлэх тэр цагийг
хүртэл торж, бүдэрч байж хөлд ордог тэр нээлттэй ертөнц номтой зэрэгцэн дэлгээтэй
байдаг болохоор тэр бүхэн хүүхдэд нөлөөлөх болно. Ийм ч учраас бага ангийн багш
хүн гэдэг ирээдүйн эх орны эздийг бэлтгэж өгдөгөөрөө нийгмийн өмнө онцгой үүрэг
хариуцлагатай байдаг. Би хүүхдүүддээ ингэж хэлдэг юм.
“Бусад хүмүүсийн
бүтээсэн баялгийг та нар хэрэглэж байгаа. Хүмүүс та нарт хүүхэд өсвөр насны аз
жаргалыг өгч байна. Үүнийг сайн үйлээр хариулах хэрэгтэй, ёс суртахууны энэ хэм
хэмжээ бол иргэний үүргийн мэдрэмжийн чухал эх булаг мөн. Эд баялаг баяр
жаргалын зөвхөн хэрэглэгч байхыг чин сэтгэлээсээ тэвчдэггүй байх хэрэгтэй
бөгөөд та нарын тохилог дулаахан саруулхан анги танхим хичээлийн хэрэгсэл энэ
бүхнийг хүмүүс хийж бүтээсэн юм. Үүнд нь талархаж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүст
талархах сэтгэлгээ бол иргэний үүрэг
хариуцлага, эрхэм чанарын сэтгэхүйн төрсөн эгч нь юм. Зан суртахууны хүмүүжлийн
үндэс нь хүн бусдын төлөө чин сэтгэлийнхээ дуудлагаар сайн үйл бүтээхэд бэлхэн
байх явдал юм” гэдэг.
“Уулзаагүй байж урьдаас энэ ч муу хүүхэд гэнэ лээ” гэсэн хандлагаар хүүхдэд хандах тохиолдлууд ажиглагдаж
байдаг. Зан ааш муутай хөгжмийн зохиолч, зураачид маш сайн шилдэг уран бүтээл хийж чадна. Харин ааш
зан муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй. Тэд тухайн хамт олондоо улмаар
суралцагчдадаа эцэст нь өөртөө бэрхшээл учруулдаг.
Багшийн
дараах чанаруудыг тухайлбал: сайхан сэтгэл тухайн шинжлэх ухааныг судлан
сонирхдог, ам ажил нь нийлдэг, тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, харьцааны соёлтой,
шаардлагатай ажилдаа бүтээлч ханддаг, аливаад бодитой ханддаг, суралцагчдад
мэдлэг эзэмшихэд нь туслахыг байнга эрмэлздэг, нэр хүндтэй, суралцагчдыг
оношлон тодорхойлох чадвартай , хэл ярианы соёлтой , илтгэх чадвартай,
хичээлийн үед нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөх чадвар сайтай, мэдрэмж үнэлэмж
сайн, асуудлыг оновчтой тодорхой шийдвэрлэх, хэл ярианы соёлтой байх чанаруудыг
илүү үнэлсэн байдаг. Эндээс харьцааны соёлгүй мэдлэг ур чадвараар дутмаг,
сурагчдыг ялгаварлан дүгнэх хандлагатай багш нарыг сурагчид төдий л хүндлэхгүй,
зааж буй хичээлийг нь үл ойшоон өөрийг нь эвгүй байдалд оруулах нь ажиглагддаг.
Хүн хүний сайхан зангаас айхаас бус хэзээ ч муухай ааш, ааль авираас айхгүй шүү
дээ.
Хүний амьдралын хамгийн нандин үе болох хүүхэд
насных нь нэгэн хэсэг болж явна гэдэг юутай их аз, юутай их аз жаргал билээдээ.
Тиймээ! Би бол багш хүн, олон
сайхан шавийг эх орондоо хэрэгтэй хүн болгон гаргаж байна. Тэд нь Монгол орны
зүг зүгт өөрийн эрдэм ухаан, мэдлэг боловсролоороо шавь нараа ургуулж байна. Энэ
бол миний, бидний бахархал үргэлжилсээр..,
Багш гэдэг бол улс орны хөгжлийн үндэс
---оОо---
БАГШ БАГШИЙН ДОТРООС АНХДАГЧ БАГА АНГИЙН БАГШ
Баянхонгор аймгийн Баацагаан сумын төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Цагаан далай” ахлах сургуулийн
Бага ангийн багш Б.Баттулга
Бага ангийн багшийг Монгол улсын
хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, доктор, профессор
Л.Түдэв гуай “их эрдмийн бага өргөөний
эзэн” хэмээн тодорхойлон
бичжээ. Тэр тусмаа бага ангийн багш гэдэг бол учир мэдэхгүй, учиг татахгүй нялх
балчир хүүхдийн оюуны хоосон савыг эрдмээр, булбар ай гарыг нь эв дүйгээр,
шулга хэлийг нь үг хөгжлөөр, гэнэн сэтгэлийг нь гэрэлт эрчмээр дүүргэж өгдөг
ачтан, багш багшийн дотроос анхдагч багш юмаа. Бага ангийн багш л их эрдмйин
өргөөний үүдийг багачууд хүүхдэд нээж өгдөг билээ.
Монголчууд багшийг эцгийн оронд эцэг,
эхийн оронд эх байх тухай номлодог. Зарим нэг нь багшдаа очно хэмээн шар хадаг
нандигнах нь ч байдаг. Юутай ч ертөнцөд нэгэн их хүндтэй хүнээ багш хэмээмой. Би одоо энэ
эрхэм хүндтэй хүний нэг болж бага ангийн багшаар ажиллаж байна. Багш нарын минь
буян юм даа гэж өөртөө бас олон гавьяатай эрхэмсэг хүмүүст эчнээ мөргөж
гэлдэрнэм. Төрийн тэргүүн хийгээд эгэл малчин ард, урлагийн алдартай одод,
сансрын нисгэгч, яруу найрагч, хуульч, инженер, эдийн засагч, тариаланч, хүний
эмч гээд цөмөөрөө л хаа нэгэнтээ монголын багшийн энэрэх, итгэх хоёрын уулзвар
дээрээс өндийн аяны замд гарсан. Эргэж санадаг л байгаасай. Би бага ангийн,
дунд ангийн, их сургуулийн гээд үе үеийн багш нараас номын авшиг хүртэж тэдний
алаггүй түгээгч оюуны цацлаар шүншиглүүлж өдий зэрэгтэй бага ангийн багш
хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болсондоо баярлаж явдаг даа.
Манай улсад багшийн мэргэжил бол
хамгийн эрхэм хүндтэй мэргэжилд тооцогддог. Хүн хөдөлмөрөөрөө байгалийг
өөрчилдөг. Харин багшийн хөдөлмөр бол шинэ хүнийг төлөвшүүлэн тогтоодог. Багш
залуу үеийнхэнд мэдлэг чадвар эзэмшүүлж, иргэний эрхэм сайхан чанар шингээж,
одоо ба ирээдүйг холбогч учраас түүний хөдөлмөр жинхэнэ бүтээлч, дур татмаар
сонирхолтой, бахархмаар сайхан мэргэжил юм.
Багш нь нэг талаас сэтгэл зүйч,
судлаач, боловсролын салбарын сайн мэргэжилтэн, мэргэшсэн арга зүйч байхын
зэрэгцээ багшлах үйл ажиллагаагаа дадлага туршлагаар баяжуулж, хүүхдээ тогтмол
судалж, судалгааны үндсэн дээр багшлах эв дүй, ур чадвараа шинэчилж чаддаг цогц
чадамж бүхий мэргэжилтэн байх шаардлагыг өнөөгийн нийгэм бага боловсролын
багшид тавьж байна.
Элгэн садныхаа дунд энгийн амьдралд
дассан бяцхан багачуудад ер бусын сэтгэгдэл төрүүлсэн сургуульд ороод ирэхээр
олонтой сонсдог үг нь “Сайхан бичээрэй”, “Зөв бодоорой”, “Түргэн уншаарай”.
Шинэхэн сурагчид анхны багшийн сургааль нь бурханы зарлиг мэт. Яавал сайн хүн
болох вэ? “Бусдыг энэрээрэй, бусдад туслаарай, бусдаас сураарай, бусадтай эвсэг
харилцаарай, бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлээрэй, хүний сайн үйлийг ажиглаж
дуурайгаарай, тэдний сул талыг уучилж өнгөрүүлээрэй, өөрийн илүү талыг
мэдрээрэй, буруугаа ухаарч гээмшээрэй”гэх мэт хүүхэд бүрийн хурц соргог тусгаж
авах, цэвэр оюундаа буулгах зүйлийг таниулах, сануулах, зөвлөх, шаардах,
анхааруулах, хэвшүүлэхийг аанай л мөнөөх бага ангийн багш л хамгийн түрүүнд
хийж чадна. Бага ангийн багш хүнжих эрдмийн цагаан толгой-г нүдлүүлэхдээ
ганцаараа зүтгэхгүй эцэг эх, ах эгч, бусад хүн, найз нартай нь хүчин хавсарна.
Хүүхэд сайн хүн болох эрдэмд суралцахдаа зөвхөн анги, сургууль дээр биш гэр
хашаа, гудамж хороолол, олон нийтийн газар, номын сан, музей, үзэсгэлэн, кино
театр, цэцэрлэгт хүрээлэн, малын бэлчээр, ногооны талбай гээд хааяагүй цаг
наргүй хичээллэнэ. Бага ангийн багш найрал хөгжмийн удирдаач шиг тэр хичээлийг
чадамгай зохион байгуулснаараа, биечлэн зааж үзүүлснээрээ хүүхэд бүрт хүнжих
ухааны эрдмийг эзэмшүүлнэ. Бүх хүн нь гарамгай эрдэмтэн улс гүрэн гэж дэлхийд
үгүй. Харин бүх иргэн нь “Хүнжих эрдэм”-д боловсорсон улс орон тоймгүй олон.
Шавь нар нь хүнжих эрдэмд л идэвхтэй, дуртай сайн суралцвал нөгөөх “Сайн хүн
болоорой” гэдэг ерөөл бүрэн биелэнэ. Бага насанд хэвшсэн хүмүүжил төлөвшил нь
өсвөр насанд ногоон гэрлээр өртөөлөн батжиж, идэр залуу насанд арилахгүй
тогтож, насан туршийн эрдэм болно. Дээрхийн гэгээн XIV далай
лам Данзанжамц “Өнөөгийн хүн төрөлхтөнд оюуны хийгээд сэтгэлийн боловсролын
хослол нэн чухал болжээ. Ялангуяа хүн бүр оюуны боловсролд төдийгүй
сэтгэлгээний боловсролд түлхүү суралцах шаардлагатайгаа ухаарах цаг үе нэгэнт
ирлээ” гэж бидэнд алтан сургаалаа айлтгажээ. Сайн багш болж төлөвшихөд оюуны
боловсролоос илүүтэй сэтгэлийн боловсрол чухлаар нөлөөлдөг болохыг энэхүү алтан
сургаалын агуулга сануулж өглөө.
Бага ангид голдуу бага боловсролтой
хүмүүс (ихэвчлэн эмэгтэйчүүд)
багшилсаар зууныг элээлээ. Гэтэл бага анги гэж багасган үздэг тэр жилүүдэд олж
мэдсэн бүхэн нь хэний ч оюун ухаанд бүх насаараа хадгалагддаг, хамгийн тод
дуртгал болон үлдддэг. Бараг бүх насаараа бага ангид багшлан ирээдүйн мэргэдийг
“эрдмийн цагаан сүүгээр амлуулсан” багш нарынг өндөрт өргөн хүндлэх цаг нэгэнт
болсон биш үү. Хүүхдийг эгзэгтэй насанд нь ухаан суулгаж өгсөн ачийг нь үүрд
дурсан санах учиртай. Надад, чамд, бас бидэнд эрдмийн сүү хөхүүлж өгсөн өсгөсөн
нандин сайхан албаны эзэд ардын багш нар минь монголын ирээдүйг авч явах
иргэдийг төрүүлэн гаргахын төлөө нойр хоолоо умартан хөдөлмөрлөж байна. “Шавийн
сэтгэлд мөнхөрнө гэдэг багш бүхний агуу их шагнал, бас зовж олддог гавьяа юм
даа. Ирээдүй цаг багш биднээс юутай ихийг хүснэ вэ? Монголын үрс олон болохоосоо илүүтэй оюунтай
болж төрөөсэй.”
Ардын үрсийн эрдмийн өргөөний галч,
бага ангийн багш хэмээх эрхэм алдрын эзэн болж яваадаа баярлаж сууна даа. Одоо
надад энэ эрхэм сайхан алдрыг өндөрт өргөж явах их үүрэг оногдлоо. Энэ эрхэм
үүргээ гүнээ ухамсарлан монголын ирээдүйг сурган хүмүүжүүлэх их үйлсийн төлөө
мятрашгүй хөдөлмөрлөх болно.
Гурван эрдэнийн нэг бага ангийн багш
нар эрдмийн болон сайн үйлсийн буянаар цалгиж байх болтугай.
Бага ангийн багш нарын бахархал ч их хариуцлага ч өндөр
\эссэ \
Увс аймгийн Баруунтуруун сумын Ахлах сургуулийн бага ангийн багш М.Цэндхүү
Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос
Өнөөгин боловсролын зорилго нь
“Мэдлэгтэй хувь хүн бус чадвартай иргэн хүн” бэлтгэхэд л орших бөгөөд харин багш
хүн тийм хүн болон төлөвших орчин нөхцлийг бүрдүүлж чиглүүлж тусалж дэмжих үүрэгтэй
билээ.
Тэгвэл, чухам бага ангийн
багш бидний зорилго юу вэ? энэ асуултыг та бүхэндээ нээлттэй орхиё...
Бага ангийн багш шавиа эрдэм
мэдлэгт суралцахын хүсэл зоригийг бадрааж, сайн хүн болохын эхлэлийг тавьж өгөх
учиртай.
Багшгүй хүн гэж байдаггүй гэдэг.
Багш хүн шавьдаа мэдлэг чадвар, хүмүүжил, хүнлэг чанар төрх байдлаараа тэдэнд
онцгой нөлөөлж насан туршид нь дурсан санаж явах тийм дотны хүн нь болон үлддэг.
Би бага ангийнхаа багш
Ж.Туяа багшаар маш их бахархаж явдаг. Тэрээр бага насандаа багш болж тоглодог
байснаа өсвөр насандаа багш болохыг хүсэн мөрөөдөж явсаар ахлах сургуулиа төгсөж,
бага ангийн багшийн мэргэжлийг сонгон суралцсандаа өөрийгөө азтай бөгөөд
ирээдүйн зорилгодоо хүрсэн гэж боддог. Миний энэ бага насны оргилуун хүсэл
мөрөөдлийн минь далавч, жигүүрт бага ангийн багшийн минь үлгэр дууриалал маш их
нөлөөлсөн юм.
Бага
ангийн сурагчдын хувьд багшийн хийсэн хөдөлгөөн, хэлсэн үг болгон зөв байдаг.
Эцэг эхдээ ч “багш тэгж хэлсэн” гэж улайран ярьдаг.
Манай багш найз маань нэгдүгээр ангид сурдаг
охиныхоо хийж байгаа даалгаврыг хартал –Я- үсгийг тахир бичиж байна гэнэ. Миний
хүү –Я- үсгийг ингэж бичдэг юм гээд зөв бичихийг заатал “Үгүй, багш ингэж
бичдэг юм” гээд халгаадаггүй гэнэ. Дараа
нь багштай нь уулзаж болсон явдлыг хэлэхэд багш нь: “Би хурдан бичсэн үедээ
тэгээд биччихдэг юм” гэжээ. Эндээс хүүхдийн гэнэн цайлган шинэхэн талбай шиг
сэтгэлд ямархуу үр тарьж ургуулах нь бага ангийн багшийн л үүрэг хариуцлага юм.
Тухайн багшийн тарьсан үр үзэсгэлэнтэй сайхан ургаж цэцэглэх, үгүй нь тухайн
багшийн чадвараас шалтгаална. Тэрээр хүн бүхэн бага ангийн багшаар оюун ухаан,
хүмүүжил төлөвшил, ёс суртахууны цоожоо хамтдаа нээж, ирээдүйн амьдралаа
эхлүүлж байна.
Иймд хүн бүхний ирээдүйн
амьдралынх нь оньсыг тайлж эрдмийн үүдийг нь нээж өгөгч нь бид юм шүү. Энэ
үгийн цаана асар өндөр хариуцлага ч байна, маш их бахархал ч байна гэдгийг
мэргэжил нэгт багш нартаа хэлэхэд сайхан байна.
Бага ангийн багш бид хүн болоход нь харин дунд
ахлах ангийн багш нар бол тэдэнд шинжлэх ухааны мэдлэгт шимтэн суралцахыг зааж
өгдөг. Тэгвэл хүнийг бэлтгэх, шинжлэх ухааныг зааж сургах хоёрын ялгааг маш
нарийн гаргаж чухам аль нь хүний амьдрал, улс орны хөгжлийн цаад суурийг тавьж
байна вэ гэдгийг сайн ухамсарлаж ойлгох нь чухал байна. Түүгээрч барахгүй “Хүүхдийн
атар газар шиг сэтгэлийн хөрсийг буруу арчилвал тэнд зэрлэг өвс, шарилж, өргөс
л ургана” гэж сурган хүмүүжүүлэгч Снеллманы хэлсэн үг байдаг.
Эцэст нь
дүгнэж хэлэхэд бага ангийн багш бид ирээдүйн улс орныхоо хөгжил дэвшилд ихээхэн
хувь нэмэр оруулж буй шавь нарыгаа нүдээрээ харж, хэн нэгнээс сонсоод өөрөөрөө болон
шавиараа бахархах сэтгэл төрнө. Харин шавь нарынхаа амьдрах ухаан, авьяас
чадвар, ёс суртахуун, хүмүүжил төлөвшил нь доголдолтой байгааг хэн нэгнээс
сонсох эсвэл харвал өөрөө өөрийгөө зэмлэж, шавь нарынхаа өмнө хэрэгтэн мэт болж
харагдана. Иймд багш бүр эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж өөрөө өөрийгөө бүх
талаараа хөгжүүлж, хийсэн ажлынхаа үр дүнг тооцож, өөртөө үнэлэлт дүгнэлт өгч
ажиллах нь чухал болжээ.
Тиймээ үнэхээр бага ангийн багш нарын бахархал
ч их хариуцлага ч өндөр юм аа...
2016.09.24
Багш би судлаач эссэ
ReplyDelete