10/26/16

Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан бүтээл

БАГШ БАГШИЙН ДОТРООС АНХДАГЧ БАГА АНГИЙН БАГШ


Баянхонгор аймгийн Баацагаан сумын төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Цагаан далай” ахлах сургуулийн
Бага ангийн багш Б.Баттулга

  
Бага ангийн багшийг Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, доктор, профессор Л.Түдэв гуай “их эрдмийн бага өргөөний эзэн” хэмээн тодорхойлон бичжээ. Тэр тусмаа бага ангийн багш гэдэг бол учир мэдэхгүй, учиг татахгүй нялх балчир хүүхдийн оюуны хоосон савыг эрдмээр, булбар ай гарыг нь эв дүйгээр, шулга хэлийг нь үг хөгжлөөр, гэнэн сэтгэлийг нь гэрэлт эрчмээр дүүргэж өгдөг ачтан, багш багшийн дотроос анхдагч багш юмаа. Бага ангийн багш л их эрдмйин өргөөний үүдийг багачууд хүүхдэд нээж өгдөг билээ.
Монголчууд багшийг эцгийн оронд эцэг, эхийн оронд эх байх тухай номлодог. Зарим нэг нь багшдаа очно хэмээн шар хадаг нандигнах нь ч байдаг. Юутай ч ертөнцөд нэгэн их  хүндтэй хүнээ багш хэмээмой. Би одоо энэ эрхэм хүндтэй хүний нэг болж бага ангийн багшаар ажиллаж байна. Багш нарын минь буян юм даа гэж өөртөө бас олон гавьяатай эрхэмсэг хүмүүст эчнээ мөргөж гэлдэрнэм. Төрийн тэргүүн хийгээд эгэл малчин ард, урлагийн алдартай одод, сансрын нисгэгч, яруу найрагч, хуульч, инженер, эдийн засагч, тариаланч, хүний эмч гээд цөмөөрөө л хаа нэгэнтээ монголын багшийн энэрэх, итгэх хоёрын уулзвар дээрээс өндийн аяны замд гарсан. Эргэж санадаг л байгаасай. Би бага ангийн, дунд ангийн, их сургуулийн гээд үе үеийн багш нараас номын авшиг хүртэж тэдний алаггүй түгээгч оюуны цацлаар   шүншиглүүлж өдий зэрэгтэй бага ангийн багш хэмээх эрхэм хүндтэй алдрын эзэн болсондоо баярлаж явдаг даа. 
Манай улсад багшийн мэргэжил бол хамгийн эрхэм хүндтэй мэргэжилд тооцогддог. Хүн хөдөлмөрөөрөө байгалийг өөрчилдөг. Харин багшийн хөдөлмөр бол шинэ хүнийг төлөвшүүлэн тогтоодог. Багш залуу үеийнхэнд мэдлэг чадвар эзэмшүүлж, иргэний эрхэм сайхан чанар шингээж, одоо ба ирээдүйг холбогч учраас түүний хөдөлмөр жинхэнэ бүтээлч, дур татмаар сонирхолтой, бахархмаар сайхан мэргэжил юм.
Багш нь нэг талаас сэтгэл зүйч, судлаач, боловсролын салбарын сайн мэргэжилтэн, мэргэшсэн арга зүйч байхын зэрэгцээ багшлах үйл ажиллагаагаа дадлага туршлагаар баяжуулж, хүүхдээ тогтмол судалж, судалгааны үндсэн дээр багшлах эв дүй, ур чадвараа шинэчилж чаддаг цогц чадамж бүхий мэргэжилтэн байх шаардлагыг өнөөгийн нийгэм бага боловсролын багшид тавьж байна.
Элгэн садныхаа дунд энгийн амьдралд дассан бяцхан багачуудад ер бусын сэтгэгдэл төрүүлсэн сургуульд ороод ирэхээр олонтой сонсдог үг нь “Сайхан бичээрэй”, “Зөв бодоорой”, “Түргэн уншаарай”. Шинэхэн сурагчид анхны багшийн сургааль нь бурханы зарлиг мэт. Яавал сайн хүн болох вэ? “Бусдыг энэрээрэй, бусдад туслаарай, бусдаас сураарай, бусадтай эвсэг харилцаарай, бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлээрэй, хүний сайн үйлийг ажиглаж дуурайгаарай, тэдний сул талыг уучилж өнгөрүүлээрэй, өөрийн илүү талыг мэдрээрэй, буруугаа ухаарч гээмшээрэй”гэх мэт хүүхэд бүрийн хурц соргог тусгаж авах, цэвэр оюундаа буулгах зүйлийг таниулах, сануулах, зөвлөх, шаардах, анхааруулах, хэвшүүлэхийг аанай л мөнөөх бага ангийн багш л хамгийн түрүүнд хийж чадна. Бага ангийн багш хүнжих эрдмийн цагаан толгой-г нүдлүүлэхдээ ганцаараа зүтгэхгүй эцэг эх, ах эгч, бусад хүн, найз нартай нь хүчин хавсарна. Хүүхэд сайн хүн болох эрдэмд суралцахдаа зөвхөн анги, сургууль дээр биш гэр хашаа, гудамж хороолол, олон нийтийн газар, номын сан, музей, үзэсгэлэн, кино театр, цэцэрлэгт хүрээлэн, малын бэлчээр, ногооны талбай гээд хааяагүй цаг наргүй хичээллэнэ. Бага ангийн багш найрал хөгжмийн удирдаач шиг тэр хичээлийг чадамгай зохион байгуулснаараа, биечлэн зааж үзүүлснээрээ хүүхэд бүрт хүнжих ухааны эрдмийг эзэмшүүлнэ. Бүх хүн нь гарамгай эрдэмтэн улс гүрэн гэж дэлхийд үгүй. Харин бүх иргэн нь “Хүнжих эрдэм”-д боловсорсон улс орон тоймгүй олон. Шавь нар нь хүнжих эрдэмд л идэвхтэй, дуртай сайн суралцвал нөгөөх “Сайн хүн болоорой” гэдэг ерөөл бүрэн биелэнэ. Бага насанд хэвшсэн хүмүүжил төлөвшил нь өсвөр насанд ногоон гэрлээр өртөөлөн батжиж, идэр залуу насанд арилахгүй тогтож, насан туршийн эрдэм болно. Дээрхийн гэгээн XIV далай лам Данзанжамц “Өнөөгийн хүн төрөлхтөнд оюуны хийгээд сэтгэлийн боловсролын хослол нэн чухал болжээ. Ялангуяа хүн бүр оюуны боловсролд төдийгүй сэтгэлгээний боловсролд түлхүү суралцах шаардлагатайгаа ухаарах цаг үе нэгэнт ирлээ” гэж бидэнд алтан сургаалаа айлтгажээ. Сайн багш болж төлөвшихөд оюуны боловсролоос илүүтэй сэтгэлийн боловсрол чухлаар нөлөөлдөг болохыг энэхүү алтан сургаалын агуулга сануулж өглөө.
Бага ангид голдуу бага боловсролтой хүмүүс (ихэвчлэн эмэгтэйчүүд) багшилсаар зууныг элээлээ. Гэтэл бага анги гэж багасган үздэг тэр жилүүдэд олж мэдсэн бүхэн нь хэний ч оюун ухаанд бүх насаараа хадгалагддаг, хамгийн тод дуртгал болон үлдддэг. Бараг бүх насаараа бага ангид багшлан ирээдүйн мэргэдийг “эрдмийн цагаан сүүгээр амлуулсан” багш нарынг өндөрт өргөн хүндлэх цаг нэгэнт болсон биш үү. Хүүхдийг эгзэгтэй насанд нь ухаан суулгаж өгсөн ачийг нь үүрд дурсан санах учиртай. Надад, чамд, бас бидэнд эрдмийн сүү хөхүүлж өгсөн өсгөсөн нандин сайхан албаны эзэд ардын багш нар минь монголын ирээдүйг авч явах иргэдийг төрүүлэн гаргахын төлөө нойр хоолоо умартан хөдөлмөрлөж байна. “Шавийн сэтгэлд мөнхөрнө гэдэг багш бүхний агуу их шагнал, бас зовж олддог гавьяа юм даа. Ирээдүй цаг багш биднээс юутай ихийг хүснэ вэ?  Монголын үрс олон болохоосоо илүүтэй оюунтай болж төрөөсэй.”
Ардын үрсийн эрдмийн өргөөний галч, бага ангийн багш хэмээх эрхэм алдрын эзэн болж яваадаа баярлаж сууна даа. Одоо надад энэ эрхэм сайхан алдрыг өндөрт өргөж явах их үүрэг оногдлоо. Энэ эрхэм үүргээ гүнээ ухамсарлан монголын ирээдүйг сурган хүмүүжүүлэх их үйлсийн төлөө мятрашгүй хөдөлмөрлөх болно.
Гурван эрдэнийн нэг бага ангийн багш нар эрдмийн болон сайн үйлсийн буянаар цалгиж байх болтугай.

0 Сэтгэгдэл:

Post a Comment