4/29/16

Зөвлөгөө

Гэрийн даалгаврын тухай зөвлөх нь 
       Гэрийн даалгавар бол сурагчдын биеэ дааж ажиллаж сурах цаашилбал өмнөө тавьсан зорилгодоо хүрэх, суралцах үйлдээ ухамсартай мэдрэмжтэй өөрийн гэсэн бодолтой  хандах  чадвар төлөвшихөд нөлөөлөх гол хүчин зүйл юм.
       Гэрийн даалгаврын гол үүрэг зориулалт нь хүүхдэд тохиолдсон бэрхшээл дээр ажиллахад чиглэгддэг. Гэтэл багш бидний гаргадаг нэг гол алдаа бол сурагчийг “гэрийн даалгавраа буруу хийлээ” гэж зэмлэдэг нь энэ боломжийг үгүй хийж, гэрийн даалгавар хүүхдийн хувьд дарамт, нэмэлт ачаалал, заавал хийх гүйцэтгэх ёстой зүйл мэт болон хувирдаг. Мөн  хүүхдийн гэрийн даалгавраа хийх гэж эрмэлзсэн, оролдож туршсан, хичээсэн зэргийг үнэлдэг байх шалгуурыг үгүй болгож тэднийг эцэст нь “чадваргүй” “залхуу” гэх зэргээр үнэлээд л дуусах болно.  Гэрийн даалгавар маш чухал үүрэгтэй. Тодруулбал:

  • .     Сурагч бүтээсэн мэдлэгээ ашиглах, хэрэглэх түвшинд ажиллах
  • .     Мэдлэг, төсөөллөө гүнзгийрүүлэх
  • .     Сурах хөдөлмөрөө зохион байгуулах эмх цэгц, дэг журамд суралцах
  • .     Зорилготой, итгэл үнэмшилтэй, аливаад тэвчээртэй, хүсэл тэмүүлэлтэй болж төлөвших
  • .     Сурч боловсроход биеэ дайчилж сурах, сурах арга барилтай болох зэрэг юм.   
        Даалгавар нь хүүхдийн заавал хийж сурах үйлүүдийг тусгасан байдгаараа онцлогтой байдгаас аль болох тодорхой, ойлгомжтой байхыг шаарддаг. Тухайлбал 1970 онд хэвлэгдсэн Бага сургуулийн 2-р ангийн “Монгол хэл” сурах бичигт
270-р дасгал. Дараах зургуудыг ажигла. Нэрий нь олж бичээд өгүүлбэрт оруулж хэл. Яаж хэрэглэдэгээ ярь  гэсэн даалгавар нь суралцагч ямар үйлийг хэрхэн хийхийг маш тодорхой уялдаа холбоотой гаргаж өгсөнөөрөө тэднийг суралцах үйлийг системтэй хийх, ингэснээр чадвар эзэмших, дадал хэвшил төлөвших гол нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Иймээс багш гэрийн даалгаврыг бэлтгэхдээ, өгөхдөө дараах зүйлүүдийг анхаарах нь чухал. Үүнд:
1.   Шалгуур нь тодорхой байх. Өөрөөр хэлбэл даалгавар нь юунд зориулагдсан, юуг хийлгэх, юуг илрүүлэх зорилготой байгааг бодож тооцно гэсэн үг.  
2.    Гэрийн даалгавар өгч буй материал дээр суралцагч хэрхэн ажиллах үйлийг тодорхой логиктойгоор зааж өгөх  
3.   Ачаалал дарамт болохгүй байхаар хэмжээг тохируулах,  хүүхэд хийж чадах тийм даалгавар байх
4.   Хүүхдийн сурах чадварын түвшинг харгалзах (хүнд хөнгөний зэрэглэлийг тооцох)
5.   Хүүхэд өөрөө хийх хүслийг төрүүлдэг байхаар сонголт хийх боломжтой (олон хувилбартай байх)
6.   Хүүхэд гэрийн даалгаварт ихийг хийснээр сайн суралцдаг гэсэн хандлагаас зайлсхийх
7.   Хүүхдээс маш их хүч шаардсан, бэрхшээл бий болгохыг гол зорилго болгохгүй байх. Хамгийн гол нь танин мэдэхүйн тодорхой үйлүүдийг хийх явцдаа эрэл хайгуул хийх, бие дааж сэтгэн бодоход суралцдаг ч эрэл хайгуул хийх, бэрхшээлтэй тулгаруулах, асуудал дэвшүүлэх  шийдвэрлэх зэрэг үйлүүдийг багш хөтлөх замаар танхимд хамтдаа шийдвэрлэдэг байхад илүүтэй анхаарах нь чухал.
8.   Гэрийн даалгаврыг өгөхдөө үргэлж сурах бичгээс өгөх бус харин мэдээллийн олон төрлийн эх сурвалжийг ашиглах, ашиглахдаа түүн дээр хэрхэн ямар үйл хийхийг тодорхой гаргаж өгөх шаардлагатай. Жнь: Эхийг уншихдаа ....................... гэсэн асуултад хариулт олж авахаар уншаарай. Дараа нь асуултандаа хэрхэн хариулснаа бичээрэй гэсэн даалгавар нь хэрхэн унших(эргэцүүлэн унших)-ыг мөн унших үйлийг зорилготой болгох, дараа нь бичих гэдэг нь үйлүүдээ дэс дараатай хийх өөрөөр хэлбэл логик үйл төлөвшихөд чиглүүлж байгаа юм.  
9.   Багш суралцагчийг гэрийн даалгавраа хийхэд нь дараах зөвлөгөөг өгдөг анхааруулдаг байх нь чухал. Үүнд:
-          Гэрийн даалгаврын зааврыг уншиж сайн ойлгох
-          Гэрийн даалгаврыг хийхдээ тогтмол цагтай байх,  аятай таатай орчин бүрдүүлэх ( дунд ангийнхан аль болох тохиромжтой цагийг сонгож төлөвлөдөг байх)
-          Гэрийн даалгавар хийхийн өмнө 1-2 цаг амарч алжаалаа тайлах
-          Гэрийн даалгавар хийхэд шаардагдах материал бусад зүйлийг бэлдэх
-          Гэрийн даалгаврыг хийхийн өмнө ангид үзсэн зүйлээ давтаж сэргээх
-          Олон хичээлийн даалгаврыг хийхдээ өөртөө тохирсон дараалал тогтоох
-          Гэрийн даалгаврыг хийж дууссаны заавал шалгахыг сануулаарай.




0 Сэтгэгдэл:

Post a Comment