10/30/15

Бага ангийн монгол хэлний хичээлийн арга зүйн зарим асуудал


http://boditchadvarnbg.blog.gogo.mn/read/entry465893 -оос авав.
1. Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх нь
Зохион байгуулах нь
Бага ангид зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг эзэмшүүлэх зорилготой хэмээн үндэсний хөтөлбөрт заасан тул сурагчдаа шулуун шударга, хурц тод дуугаар уншуулж сургахаас эхэлж аажимдаа хурдан уншдаг болгоно. Зөв унших арга барил эзэмшээгүй бол хурдан унших, уншсанаа ойлгоход бэрхшээлтэй байх болно. Иймд 1-2р ангид аль болох шулуун шударга, хурц тод дуугаар уншуулж сургана. Ингэж зөв унших арга барил эзэмшүүлсний дараа уран уншлагад сургахдаа өргөлт, зогсолт, хурд, аялгыг тохируулан уншуулж сургана.
Унших чадварыг хөгжүүлэхэд унших хүсэл сонирхолтой болгох нь чухал үүрэгтэй. Юуны өмнө сурагчдын бие даан унших зохиолын чиглэлийг сэдвээр төрөлжүүлэн анги ангийн онцлогт тохируулан гаргаж өгөх, тэр сэдвийн хүрээнд уншсан зохиолын агуулгаар ярилцлага явуулах. Тухайлбал хэдийд ямар сэдвээр ярилцлага явуулахаа урьдчилан төлөвлөсөн байх нь сурагчид зорилготой уншдаг болоход нөлөөлнө. Үүний тулд дараах
байдлаар төлөвлөж болох юм.
Сэдэв
Унших номын тоо
Ярилцлага болох хугацаа
Ярилцах чиглэл
Уншсан зохиолууд (Сурагчид ямар ямар зохиол уншсан байна.Уншсан зохиолын нэрсийг бичнэ.)
Ан амьтны тухай
3
XI/ 16
• Зохиолд юуны тухай өгүүлсэн
• Зохиолоос хамгийн их таалагдсан зүйл
• Чухал санагдсан зүйл
Хүсэл мөрөөд-лийн тухай
2
XI/ 29
•Зохиолоос юуг ухаарч авав
•Тэр ухаарч ойлгосон зүйлээрээ дамжуулан юуг хэрэгжүүлмээр санагдав?
Байгалийн тухай
3
XII / 8
•Уг зохиолд чиний мэддэг байсан юм юу байв
•Юуны тухай шинээр мэдэж авав
•Уг номын зохиогчийн талаар мэдэж авав уу
Суут хүмүүсийн тухай гм
2
XII/ 17
•Энэ номыг найз нөхөд чинь унших болбол юуг нь чухалчлан уншаарай гэж захих вэ
•Энэ сэдвээр өөр ном унших хэрэгтэй юу үгүй юу, яагаад?
Давуу тал: Сурагчид ямар хугацаанд ямар сэдвээр ном уншиж дууссан байхаа мэднэ. Тэр номыг уншаад юуг чухалчлан авч үзэхээ ярилцах чиглэлээс мэдэж авна. Тодорхой сэдвийн хүрээнд нэг биш хэд хэдэн ном унших нь танин мэдэхүй, ойлголт мэдлэгийн хувьд цэгцтэй болох боломжтой болно. Энэ ажлыг зөвхөн нэг анги гэлгүйгээр 3-р ангиудын дунд гэх мэтээр өргөжүүлэн явуулж болно. Уншсан зохиолын хувьд нэг сэдвийн хүрээнд байгаа, мөн дараа нь ярилцлага, хэлэлцүүлэг хийх зэрэг нь унших хүсэл сонирхолтой болгоно. Уншсан зохиолуудын нэрсийг бүртгэж бичих нь бусад нь уншаагүйгээ унших боломж олгоно.
Хичээл дэх унших үйл ажиллагаа
1-3-р ангийн сурагчдын хувьд унших арга барил эзэмшиж эхэлж байгаа үе тул аль болох чанга тод дуугаар бусдад унших хэлбэрээр уншуулах нь үр дүнтэй. Сурагчид ичих, айх тул ганц нэгээр нь биш хосоор, багаар, анги нийтээр ньуншуулах, эхэн үед багш болон сайн уншигч сурагчийг дагуулан уншуулах, бичлэг сонсгон дагуулан уншуулах зэргээр аль болох тод чангаар уншуулж зүгшрүүлэх хэрэгтэй. Нэг сэдвийг нэг удаа уншуулаад л юуны тухай гарав гэх нь эдгээр ангийнхны хувьд амар даалгавар биш. Нэг сэдвийг хэд хэдэн удаа янз бүрээр уншуулж үз. Сүүлд нь өөртөө уншихаар уншуул. Түүний дараа ярилцаж болно. Гэхдээ уншсаны дараа бодох хугацаа хэрэгтэй.
Сурагчид уншсанаа ойлгодог байх нь дараа дараагийн ангид суралцах үйлийн чухал суурь болно. Ойлгосныг яриулахын тулд асуулт сонирхолтой байх хэрэгтэй.
• Хамгийн сайхан санагдсан зүйл юу байв?
• Дахин уншмаар байгаа хэсэг байна уу?
• Хэн хэн, (юу юу) –ний тухай гарав?
• Та нар уншсан зүйлээ надаас асууж намайг шалгаад үз дээ (сурагчид багшаас асууна)
• Энэ зохиолд “..........” тухай байна уу (амьтны тухай зохиол уншсан бол “ Энэ зохиолд шинэ загварын машины тухай байна уу, байгалийн үзэгдлийн тухай уншсан бол “энэ зохиолд үүлний тухай байна уу? (гэхдээ зохиолд үүлний тухай өгүүлээгүй) Энэ чинь байгалийн үзэгдэл мөн үү биш үү? гм эсвэл энэ зохиолд төл малын тухай байна уу? гэх зэргээр сонирхлыг өдөөж янз бүрээр өвөрмөц асуулт ч тавьж болно)
Ярихдаа нэг багийн 1 төлөөлөгч өөр багт очиж юуны тухай уншсанаа ярих,сурагчид хосоор бие биедээ ярих, бие биеээс асуулт асуух гэх зэргээр янз бүрийн аргыг багш нар өргөн ашигладаг.
Хичээл дэх уншиж ойлгох, илэрхийлэх үйл ажиллагаа.
Уншсанаа ойлгох нэг арга нь уншиж байгаа эхийг өгүүлбэр, өгүүлбэрээр, өгүүлбэрийг үг үгээр задлан утгыг тайлбарлан ярилцах нь чухал. Тухайлбал:
Янзагатай согоо
Хөл дээрээ тэнцэж ядаж байгаа янзагандаа согоо хөхөө хөхүүлэв. Согоо янзагаа үнэрлэж, салхины аясаар эвгүй үнэр ирэхийг мэдэрч чоно ойрхон ирж явна гэж бодов. Гэлээ ч хөл дээрээ тэнцэн ядан байгаа янзагатай согоо хаашаа явах билээ. Чоно согоог барихад бэлэн болжээ. Чоныг харсан согоо тэвдэн бачимдавч янзагандаа хоргодоод хаашаа ч хөдөлсөнгүй зогсов. Согоо өвчүүн дороо янзагаа зогсоож, өөрийн амиа золиосонд гаргахад бэлэн зогсоно.
Чоно тэр дайрах мөчид согоо янзагаа даран урд хоёр хөл дээрээ сөхрөн хэвтэхэд чоно согооны дээгүүр эрчиндээ харайж цаашаа эргэж ч харалгүй хурдлав.
Энэ эхийг нэг удаа уншиж өгөх, эсвэл сурагчдаар уншуулсны дараа дараах байдлаар нэг бүрчлэн задлан тайлбарлана.
Өгүүлбэр бүрийн гол утга санааг дарааллаар нь мэдэж авах
Эхийн өгүүлбэрүүд
Үйл явдлын дарааллыг мэдэх
Юуг, яагаад гм
Хөл дээрээ тэнцэж ядаж байгааянзагандаа согоо хөхөө хөхүүлэв.
Согоо хөхүүлсэн
(...................)
Согоо янзагаа үнэрлэж, салхины аясаар эвгүй үнэр ирэхийгмэдэрч чоно ойрхон ирж явна гэж бодов
Согоо мэдэрсэн
(...................)
Гэлээ ч хөл дээрээ тэнцэн ядан байгаа янзагатай согоо хаашаа явах билээ.
Согоо хаачих билээ
(...................)
Чоно согоог барихад бэлэн болжээ
Чоно бэлэн болсон
(...................)
Өгүүлбэр бүрийн утгыг задлан мэдэж авах
Эхийн өгүүлбэрүүд
Утгын тайлбар
Хөл дээрээ тэнцэж ядаж байгааянзагандаа согоо хөхөө хөхүүлэв.
дөнгөж хөлд орж байгаа
согооны үр төл
Согоо янзагаа үнэрлэж, салхины аясаарэвгүй үнэр ирэхийг мэдэрч чоно ойрхон ирж явна гэж бодов
салхилж буй зүг
үнэрлэж мэдэж
Гэлээ ч хөл дээрээ тэнцэн ядан байгаа янзагатай согоо хаашаа явах билээ.
гэхдээ, гэвч
Чоно согоог барихад бэлэн болжээ
барьж идэх, гм
Ингэж нэг бүрчлэн задлан ярилцсанаар сурагчид утга санааг ойлгож, тогтоож цээжлэхэд хялбар болно. Тайлбарлаж ярихдаа багш утгыг хэлж өгөхөөс илүүтэйгээр ангид тайлбар толь тогтмол хэрэглэдэг дадалтай болбол цаашид судалж сурач мэдэхэд нь түлхэц болно. Иймд тайлбар толиос үгийн утга хайж түүнийгээ өгүүлбэрийн утга санааг тайлбарлахад ашигладаг болгох хэрэгтэй.
Ойлгож тогтоох нь сайн уншигчийн нэг шинж. Сурагчдын онцлогоос хамаарч янз бүрийн хэмжээтэй эх сонгон авч уншуулах, эсвэл уншиж сонсгох, дараа нь богино хугацаанд бодуулаад юу ойлгож тогтоосныг бичүүлнэ. Ийм дасгалыг өдөр бүр хичээлийн аль нэг хэсэгт цөөн минутаар хийгээд хэвшчихвэл сурагчид маш амархан сурна. Гэхдээ 1-3-р ангийнхны хувьд нэг эхийг хэд хэдэн удаа давтан хийх нь олон өөр өөр эх дээр ажиллахаас илүү үр дүнтэй бөгөөд сурагч бүрд ямар ахиц гарч байгааг хялбар тооцож болно.
Эхлээд дараах бага хэмжээтэй эх (эх -1)-ийг хэд хэдэн удаа уншуулна. Дараа нь хэсэг хугацаанд бодохыг зөвлөөрэй. Тэгээд юу уншсанаа сайн тогтоогоод бичээрэй гэдэг даалгавар өгнө. Энэ дөрөвхөн өгүүлбэрийг уншаад тогтоожнайруулан бичиж чаддаг болсон бол дараа нь бага зэрэг дэлгэрүүлж өгч болно.Энэ хэлбэрийг 3 түүнээс дээш ангид хэрэглэх нь тохиромжтой. (Эх-2) Мөн энэ эхийн 7 өгүүлбэрийг тогтоож найруулан бичиж сурсан бол дахин дэлгэрүүлж эх-3-ыг бичүүлэх жишээтэй.
Эх -1 Хараацайн үүр
Хоёр хөөрхөн хараацай зурс зурсхийн нисэж дээвэр доогуур орчхов. Тэнд үүрээ барьсан юм байжээ.
Саравчны дээвэр өөд өлийн харвал жижиг жижигхэн чулууг голын наанги шавар, малын үс хялгастай холин зүйж өрсөн, модны ур шиг нэг хөөрхөн үүр байна. Хүн бариад өгчихсөн юм шиг.
Эх -2 Хараацайн үүр
Хоёр хөөрхөн хараацай зурс зурсхийн нисэж дээвэр доогуур орчхов. Тэнд үүрээ барьсан юм байжээ.
Саравчны дээвэр өөд өлийн харвал жижиг жижигхэн чулууг голын наанги шавар, малын үс хялгастай холин зүйж өрсөн, модны ур шиг нэг хөөрхөн үүр байна. Хүн бариад өгчихсөн юм шиг.
Энэ шувуухай ч надаас л дээр юм даа. Уран барилга л гэсэн үг. Чулуу шавар хоёрыг чухам л донжийг нь олж аялуулжээ.
Эх -3 Хараацайн үүр
Хоёр хөөрхөн хараацай зурс зурсхийн нисэж дээвэр доогуур орчхов. Тэнд үүрээ барьсан юм байжээ.
Саравчны дээвэр өөд өлийн харвал жижиг жижигхэн чулууг голын наанги шавар, малын үс хялгастай холин зүйж өрсөн, модны ур шиг нэг хөөрхөн үүр байна. Хүн бариад өгчихсөн юм шиг.
Энэ шувуухай ч надаас л дээр юм даа. Уран барилга л гэсэн үг. Чулуу шавар хоёрыг чухам л донжийг нь олж аялуулжээ. Аягүй бол энэ бяцхан үүрэн дотроо ор, дэр, ширээ, сандал ч хийсэн байхаа ядахгүй юм шиг санагдана.
Даанч үүрэнд хамаагүй ойртож, гар хуруугаа хүргэж болохгүй! Сүүдрээ ч тусгаж болохгүй! Өндгөө голно.
3-аас дээш ангид энэ гурван эхийг унших, ойлгож тогтоох, асууж ярилцах, хуулан бичих, найруулан бичих, өгүүлбэрийн байраар үйл явдлын дарааллыг зөв болгож найруулах (эхийн өгүүлбэрүүдийн байрыг сольж өгөөд), зарим өгүүлбэрийн үгийн нөхцөлийг хасаж өгөн гүйцээлгэх гэх зэргээр янз бүрийн арга хэрэглэн нэг л эх дээр ажиллах юм. Ингэх нь өдөр бүр өөр өөр эх дээр ажиллахаас илүү үр дүн авчрах болно.
Уншиж ойлгосноо найруулан бичиж илэрхийлэхээс гадна
уншсан эхийн агуулгыг үйл явдлын дарааллаар бичих, хэлэх
агуулгын дарааллыг зөвхөн үйл үгээр бичих, хэлэх
үйл явдлын дарааллын дагуу асуулт бичих, хэлэх
үйл явдлын дарааллыг илэрхийлж болох нэг нэг үгийг бичих, хэлэх гэх зэргээр баяжуулан ажиллаж болно

0 Сэтгэгдэл:

Post a Comment