Л.Гантөмөр: Бид сая хүн зэрэг хандаж
болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна
Өчигдөр /2014-10-06 08:27 GMT+8/
ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРЫГ ИРЭЭДҮЙН МОНГОЛЧУУДАД ӨГДӨГ СИСТЕМИЙГ
УГСРАХЫГ МӨРӨӨДСӨН
-Та
яагаад боловсролын сайд болсон юм бэ?
-Би
гурав дахиа УИХ-д сонгогдсон, залуу гишүүн. Эдийн засгийн байнгын хорооны
дарга, бүлгийн орлогч дарга, Ёс зүйн дэд хорооны дарга гээд олон хариуцлагатай
алба хашсан. Өмнөх найман жилийн хугацаанд сайн, саар зөндөө л олон шийдвэр
гаргалаа. Гэхдээ нэг л зүйл давтамжтай ажиглагдаад байсан юм. Бид өмнөө байгаа
гарцаагүй шийдэх ёстой зарим асуудлыг шийдэж чаддаггүй. Жишээ нь, Таван толгойг
эргэлтэнд оруулж чадахгүй байсан. Уул уурхайн сайн хөгжил, хөрөнгө оруулалтын
сайн орчныг бий болгож болох байсан ч, чадаагүй. Гэх мэтчилэн яг эцсийн мөчид
шийдвэр гаргах чадвараа манай үе үеийн парламент алддаг. Өөрөөр хэлбэл бидний
үеийнхэн шийдвэр гаргах чадварыг эзэмшээгүй юм байна. Хүмүүс их олон зүйл
уншсан, сонссон, мэдсэн ч амьдрал дээрээ ярьж байгаа шигээ байж чаддаг уу гэвэл
харамсалтай нь үгүй байна. Нөгөөх нь шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэж байгаа
шигээ шийдвэр гаргаж чадаж байна уу гэвэл бас л үгүй.
Найман
жил УИХ-д суучихлаа. Дахиад сонгогдлоо. Цаг хугацаа гэдэг маш хурдан. Анх би
УИХ-д нэр дэвшиж байхдаа хүүхдүүдэд спортын хувцас бэлэглэж байлаа. Намайг 2012
оны сонгуульд оролцоод явж байхад нөгөө хүүхдүүд маань их сургуулийн оюутан болчихсон
“таны өгч байсан кет байгаа юм. Би тухайн үед их баярлаж байсан шүү” гэж
хэлсэн. Юу юугүй л дараа үеийнхэн ингээд өсч хөгжөөд гараад ирдэг. Монголчууд
бид их залуу ард түмэн шүү дээ. Боловсролын салбарт л гэхэд нийт хүн амын 40
шахам хувь нь ажиллаж, сурч байна. Гэтэл зарим ард түмний хувьд нийт хүн амынх
нь 40 хувь нь тэтгэвэрт гарчихсан байгаа. Ийм сайхан улс оронд хамгийн чухал
зүйл бол хүн, хүүхэд юм. Хүүхдийн гол зүйл нь боловсрол.
Би
өөрөө инженер хүн. Тэгэхээр өнөөдөртэйгээ ноцолдсоноос ирээдүйтэйгээ ноцолдьё
гэж л бодож, боловсролын сайд руу зүтгэсэн дээ.
Тэгэхээр
улстөрчийн хувьд улс эх орондоо хэрэгтэй юм хийе гэвэл боловсролыг л сайн
байлгахаар ажиллая гэж бодсон. Тэгээд 2010 оноос боловсролын салбарын
мэргэжлийн найзуудтайгаа нийлээд дэлхийн боловсрол, түүний онцлог, монголын
боловсрол ямар түвшинд байна гээд маш их судалсан.
Боловсролын
салбарын систем нь өөрөө алдаатай, боловсролын салбарт хоёр зүйл хийгдээгүй
байна гэж бид харсан. Нэгдүгээрт, системээ цаг үетэйгээ тааруулсан
шинэчлэлт хийгээгүй. Систем гэдэг нь яам, удирдах ажилтан, сургуулийн
удирдлагууд, сургууль цэцэрлэгийн багш нар болон тэдний харилцаа, эрх үүргийн
асуудлыг хэлж байгаа юм. Гэтэл бүх эрх зөвхөн яаман дээр төвлөрчихсөн сургууль,
аймаг дүүрэг болон багш нарт ямар ч эрх байгаагүй. Яам сургалтын төлөвлөгөөг
баталдаг, тэр төлөвлөгөөг бүгд ягштал мөрддөг, сайн мөрдсөн багш их сайнд
тооцогдоно. Өөрийнхөөрөө ямар нэгэн зүйлийг сэтгэсэн нь муу багш. Зарим
сургалтын менежер өөрийнхөөрөө бодсоны төлөө ажлаасаа халагдсан тохиолдол ч
бий. Тиймээс энэ харилцааны шинэчлэлтийг хийж байж чанарын өөрчлөлт гарах юм
байна гэдгийг олж харсан.
Хоёрдугаарт, боловсролын систем нь нийгмийг хагалагч болж байсан. Багаас
нь муу сурдаг хүүхэд гэж тодруулаад, сүүлдээ хүмүүжил муутай гэж хүн тодотгоод
нийгмийн нөгөө зах руу түлхчихдэг. Нэг хэсгийг нь болохоор лидер гэж
товойлгоод одон медаль зүүж өгөөд, аваргууд болгочихдог. Тэгэхээр үүнийг засч
байж боловсрол сайжрах юм гэж бодсон. Нэг үгээр хэлбэл шийдвэр гаргах чадварыг
ирээдүйн монголчуудад өгдөг системийг угсрахыг мөрөөдсөн. Би өөрөө инженер хүн.
Тэгэхээр өнөөдөртэйгээ ноцолдсоноос ирээдүйтэйгээ ноцолдьё гэж л бодож,
боловсролын сайд руу зүтгэсэн дээ.
-Сайд
болсноосоо хойш энэ хүсч бодож явсан зүйлсээсээ хийж амжив уу?
-Бодож
төлөвлөж байсан ажлын суурь, зарчмын бараг бүх зүйлээ тодорхой түвшинд
хөдөлгөчихлөө. Багш нарынхаа үнэлгээний системийг шинэчилж, цөөхөн хүүхдийн
амжилтаар бус хүүхэд нэг бүрийг үнэлдэг систем рүү орчихлоо. Бага боловсролын
хөтөлбөрөө шинэчлээд орон даяар хэрэгжүүлээд эхэллээ. Багш нар сургууль дээрээ
хөтөлбөрөө зохиох эрхийг нь олгож байна. “Цөм” хөтөлбөрийг нь батлаад өгчихөөр
цаашдаа өөрсдийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрөө багш нар маань бодож
эхэллээ. Шийдвэр гаргах чадвартай иргэдийг бэлтгэхийн тулд хүүхэд өөрөө хийж,
оролцдог сургалтын арга зүйг нэвтрүүлэх хэрэгтэй байсан. Үүний үндсэн
суурь тавигдаж чадлаа.
Манай
яамны ажилтнууд, 100 гаруй дотоодын эрдэмтэн судлаачид, гадны хоёр, гурван баг
сайн ажиллалаа.
Боловсролын
салбарт арга зүй, агуулга, үнэлгээ, үр дүн гэх хэд хэдэн хүчин
зүйл үйлчилдэг. Бид хүүхэд өөрөө хийдэг арга зүйг нэвтрүүлж байна.
Багшийн ярих цагийг багасгаж, 45 минутын 20 минутанд, бүр чадахгүй бол 10
минутанд хүүхэд өөрөө хийдэг байх ёстой. Өөрөө уншиж, сонирхож, тайллыг нь
гаргах гэж оролдсоор нэг учрыг нь олчихсон бол цаашдаа алздаггүй. Агуулгын
хувьд Кембрижийн зөвлөх баг манайд ажиллаад гурван жил болж байна. Өнөөдөр 12
жилийн боловсрол эзэмшсэн болон дээд сургуульд орж байгаа хүүхэд юу мэддэг байх
вэ гэдгийг хэлж өгч байна. Бид дэлхийн жишгийг барьж байна гэж ойлгох хэрэгтэй.
Үнэлгээний хувьд хүүхдийнхээ чадвараар үнэлдэг системд шилжиж байна.
Бага ангийн хүүхдэд 5-р анги хүртэл нь дүн тавихыг болиулсан. Зургаан настай
хүүхдийг сайн, муу дундаар нь ялгаж, аав ээж нь “чи муу дүн авлаа” гэж
дарамталдаг, эцэст нь дүнгийн араас явдаг хүүхдийг бүтээж байсныг болиулж
ахицаар нь үнэлж байна.
Бага
ангийн хүүхдэд 5-р анги хүртэл нь дүн тавихыг болиулсан. Зургаан настай
хүүхдийг сайн, муу дундаар нь ялгаж, аав ээж нь “чи муу дүн авлаа” гэж
дарамталдаг, эцэст нь дүнгийн араас явдаг хүүхдийг бүтээж байсныг болиулж
ахицаар нь үнэлж байна.
100
үгийн 89-ийг зөв бичсэн хүүхдийг түрүүнд нь “чи 11 алдлаа, муу” гэдэг байсан.
Одоо бол “чи 89-ийг зөв бичлээ” гэж урамшуулна. Хүүхэд чадаж байгаа нь чухал.
Нэг алдсанаа дараа зөв болгож болно. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж
монгол ардын их мундаг үг бий. Чадварыг хэрхэн үнэлэх вэ гэдэг дээр
шинжлэх ухааны их том ажил хийгдэж байна. Дэлхий дээр хийчихсэн улс орон олон.
Гэхдээ бид аль болох бусдыг хуулахгүй байхыг хүсээд байгаа юм. Олон улсын
жишигт нийцсэн үндэсний боловсролын бодлогоо боловсруулж хэрэгжүүлэхийг зорьж
байна. Өөрсдөө жаахан бодож сэтгэе. Манай яам чинь 90 жилийн хөгжлийн түүхтэй
салбар шүү дээ, бидэнд боломж бололцоо бий.
Үр
дүн нь хэдэн жилийн дараа ПИСА-гийн
боловсролын чанарын үнэлгээгээр амжилттай үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эхний ээлжинд бидэнд анзаарагдаж байгаа зүйл нь хүүхдүүдийн бие даах чадвар
үнэхээр өсч хөгжиж байгаа нь 40 лаборатори сургууль дээр маш тод харагдаж
байна.
-
Сурах
эрмэлзлэл нь цаанаасаа ундарч байна уу?
-Өөрөө
хийж байгаадаа баярлаад, баясаад байгаа юм. Сургууль гэдэг хүүхдийн аз
жаргалтайгаар ирдэг газар байх ёстой. Хуучин бол бага ангидаа гэрт нь найз
байхгүй учраас сургуульдаа очих дуртай байсан. Гэтэл дунд ангидаа гудамж,
орцондоо найзтай болоод, компьютертой найзлаад эхлэхээрээ сургуульдаа очих
хүсэл сонирхол нь багасчихдаг. Ахлах ангид орохоор сургууль нь бүр ял болоод
эхэлдэг.
-Нийтлэг
шинж байх.
-Хүн
гэдэг амьтан юунд дуртай юм бэ гэдгийг анзаарлаа. Тэгсэн спорт, найр наадам
болон тоглохдоо маш их дуртай. Яагаад гэхээр өөрөө хийж байгаа учраас дуртай
байдаг байх нь. Тоглоомыг өөрөө тоглож байгаадаа л дуртай. Түүнээс тоглоомын
үзэгч бол гэвэл бас тийм ч дуртай биш. Компьютер тоглоомыг үзээд хоёр цаг
суухаасаа илүү, хоёр цаг тогло гэвэл дурлаад л тоглоод байна. Боловсролын
шинжлэх ухааныг задлаад харахад сурах гэдгээс илүүтэй суралцах үйл явц юм.
Суралцахуй дотор хамгийн чухал байр суурь эзэлж байгаа нь өөрөө хийх, тоглох.
Тоглонгоо л сураад явдаг. Волейболын тамирчдыг харж суусаар сурдаггүй. Харин
өөрөө бөмбөгийг нь цохиж, давуулж шидээд, хэдэн арван цаг давтаж байж сурдаг.
Ингэж тоглоом тоглодогтой адилхан ойлголтыг л сургуулийн тав, зургаан цагийн
хугацаанд бий болгох ёстой юм. Хүмүүс тоглоом л тоглоод байх нь гэж ойлгох вий
дээ. Тоглоомоор дамжуулаад өөрөө хийж сурах тэр чадварыг нь өгч байгаа юм.
БАГШ НАРЫГ ХЯНАДАГ ТОГТОЛЦООГ Л ДАРАА ДАРААГИЙН ХҮМҮҮС БИТГИЙ
ХИЙГЭЭСЭЙ
-Манай
төрд залгамж бодлого дутагдаад байх шиг. Үе үеийн сайд нар сайхан сайхан юм
ярьдаг. Хүүхдүүдийг монгол бичигтэн болгоно гэснээ болиод англи хэлтэн болгоно
гэлээ. Тэгснээ анги үсэргээд л. Ё.Отгонбаяр гишүүн сайд байхдаа Кембрижийг нэвтрүүлнэ
ээ л гэсэн. Өнөөдөр таны ярьж байгаа Цөм хөтөлбөр, энэ бүхэн их сайхан
сонсогдож байна. Гэтэл дараагийн сайд гарч ирэхэд энэ бүхэн цааш үргэлжлэх
баталгаа бий юу?
-Үе
үеийн сайд нарын хийсэн ажлууд дотор буруу юм хийсэн хүн байхгүй гэж би боддог.
Цаг үетэйгээ нийцээд өөрөө хөгжөөд байгаа байхгүй юу. Сургалтыг 12 жилд
шилжүүлсэн нь зөв, сайн. Ингэж шилжээгүй бол миний хийсэн бүхэн өнөөдөр утга
учиргүй болох байсан. Кембрижийн зөвлөх үйлчилгээ Ё.Отгонбаяр авсан, сайн.
Тэгээгүй бол энэ бүх ажил маань амь орохгүй л байсан. Англи хэлний боловсрол
түлхүү олгоё гэсэн бодлого бас сайн. Одоо манай боловсрол, хүүхдүүдийн хөгжил
дэлхийн хэмжээнд гараад ирэхээр хэлний асуудал гарцаагүй гарч ирнэ. Би “Дэлхийн
банк” болон бусад олон улсын байгууллагатай уулзахдаа “Яавал би англи хэлний
багш нарынхаа чадварыг сайжруулах вэ, яавал багш нараа англи хэлтэй болгох вэ
та нар мөнгө өгөөч” л гэдэг. Бид бүх багш нараа нөүтбүүктэй болгох гэж байна.
Ингэвэл бүх багшид англи хэл хэрэгтэй болно. Яагаад гэвэл гадаад хэл дээрх боловсролын
талаарх материал хэдэн зуу, мянгаараа байгаа. Багш нар нэг ухаад эхлэх юм бол
цаашаа яваад л байна. Монгол бичиг, Иргэний боловсролын сургалтыг нэвтрүүлсэн
нь бас л буруу биш, зөв.
Аливаа
салбарын сайд олон зуун ажлаасаа онцолж өөрийнхөө мессэжийг өгдөг. Тэгэхээр зуу
гаруй ажлаас нэг л зорилтоо дөвийлгөж тавьлаа гэхэд тэр мессэж нь л өөр өөр
байгаа хэрэг. Тэр зорилтын түвшин нь дээшлээд байгаа болохоос унасан зорилт хаа
ч байхгүй. Миний “Монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэдэг үндсэн зорилт байна. Энэ
зорилтыг дараагийн сайд яагаад ч унагахгүй байхгүй юу. Яахын, “талыг нь
хөгжүүлнэ ээ” гэх юм уу.
Миний
“Монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэдэг үндсэн зорилт байна. Энэ зорилтыг
дараагийн сайд яагаад ч унагахгүй байхгүй юу. Яахын, “талыг нь хөгжүүлнэ ээ”
гэх юм уу.
-Бас
нэг цоо шинэ хөтөлбөр гаргаж ирээд л энийг хэрэгжүүлнэ гээд унавал яах вэ?
-Боловсрол
гэдэг сайдын өрөөнд ямар бодлого дэвшүүлж, ямар боломж гаргаж байгаагаас илүү
анги доторх хичээл, үйл ажиллагаа бүхнийг шийддэг. Анги дотор байгаа хүмүүст л
урам өгсөн надаас илүү уран бодлогыг дараагийн сайд бодож олно шүү дээ. Энэ
чинь амьд организм. Яг энэ мөчид Европын холбоо, Арабын нэгдсэн улсад ч юм уу,
нэг эрдэмтэн яаж боловсролын системээ сайжруулах вэ гээд бодоод судлаад сууж л
байгаа. Тасралтгүй хөгжил гэдэг боловсролд зайлшгүй чухал. Ганц юман дээр л
битгий ухраасай. Багш нарыг шалгадаг хянадаг гэдэг үгийн дор багшийг цоожилдог.
Дэлхий нийтээрээ л ийм. Багшид цалин өгч байгаагийнхаа хариуд хянадаг.
Менежментийн ухаанд “нэг бол чи дурангаар байнга хар, нэг бол бүрэн итгэ” гэдэг
үг бий. Завсрын юм гэж байхгүй. Цалин өгч байгаа бол нэг бол камераар харах
ёстой, нэг бол бүтэн итгэх ёстой. Түүнээс хараагүй байж хоёрын хооронд мөрдлөг
явуулаад дэмий. Сайд нь очиж мөрдөхгүй ш дээ. Хаа нэг газрын байцаагч очиж
дарамтална. Гэхдээ энэ бол монголын зовлон биш. Кембрижийн сургуулиуд ч ийм.
Орос, хятад, япон бүгд ийм.
-Багш
нарын урмыг битгий хугалаасай л гэсэн үг үү?
-Багш
нарыг хянадаг тогтолцоог л дараа дараагийн хүмүүс битгий хийгээсэй гэж хүсч
байна.
-Та
бол бүрэн итгэдэг үү?
-Би
бүрэн итгэлийг бий болгохын төлөөх тэмцэл хийж байна. Боловсролын сайдаас
эхлээд мэргэжилтнүүд гээд олон арван жил ажиллачихсан хүмүүс, дүүрэг,
нийслэлийн боловсролын газрынхан, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч гээд
том том дарга нар байна. Энэ чинь өөрөө л хяналтын маш том функц. Энэ функцыг
багшийг хянадаг биш хөгжүүлдэг функц болгохын төлөө тэмцэж байгаа юм. Миний
болон манай багийнхны хийж байгаа шинэчлэл бол дэлхийн бас л нэг түүх болж
үлдэнэ. Тэр бол багш нар өөрийнхөө эрхийг олж авах том ялалт юм. Өнөөдөртөө бол
ялчихаад байна. Гагцхүү энэ ялалт удаан үргэлжлэх хэрэгтэй. Мэргэжилтнүүддээ би
“Та нар тэр ангид очиж хичээл заахгүй биз дээ, тийм байж тэр багшийг яаж, хэзээ
заасан гээд бүхнийг удирдан чиглүүлнэ гэвэл бүтэхгүй. Хүрэх үр дүн, “Цөм”
хөтөлбөрийг нь тавиад үр дүнг нь л хар. Муу үр дүн үзүүлвэл тэр багшийг халж,
чөлөөлөх эрхийг захиралд нь олго. Муу багшаа халж чаддаггүй юм бол захирлыг нь
халж чөлөөлөх эрхийг дүүрэг аймгийнх нь удирдлагад өг” гэж хэлдэг юм.
-Уг
нь их хялбархан юм байна шүү дээ.
-Их
энгийн. Тухайн дүүрэг, аймаг, сургуулийн л асуудал. Асуудал нь өөрсөд дээр нь
буухаар ард түмэн боловсролд ээлтэй хүнээ л сонгоно. Нөгөө хүн ч ажилдаа
анхаарлаа хандуулна. Бүх зүйлийг өмнөөс нь шийдээд, шийдэхийг оролдож, дүрдээ
итгээд явах нь тийм ч зөв алхам биш.
БИДЭНД САЙН БАГШ БЭЛТГЭХ ШААРДЛАГА БОЛОН БОЛОМЖ ОДОО Л ГАРЧ ИРЖ
БАЙНА
-Саяхан
багш нараас монгол хэлний шалгалт автал ташраараа унаж харагдсан. Багш, эмч,
сэтгүүлчид муу байгаа нь боловсролын салбарын л буруу гэж бодоод байгаа юм. Муу
багшийн шавь, багш болоод эргээд бүр муу шавь төрүүлээд байдаг. Энэ чөтгөрийн
тойргоос хэрхэн гарах вэ?
-Ер
нь дэлхий даяараа бичгийн чадвар унаж байгаа шүү дээ. Сайн хүмүүс нь хэвээрээ л
байгаа.
-Гэхдээ
багш нар сайн байх ёстой юм биш үү?
-Тийм
л дээ. Би тайлбарыг нь хэлье. Мэдээллийн технологи хөгжсөн үеийнхэнд хуулан
бичиг хийхээс илүү хийх ажил маш их байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Телевиз үзэж, гар утсаараа мессэж бичиж, интернэтээр хэсч байна. Дэлхий даяараа
ийм асуудалтай тулгарч байна. Энийгээ “дундчуудын бичиг үсгийн төгс байдал
алдагдлаа” гэж нэрлээд байгаа юм. Сэтгүүлчдийг шүүмжлээд байдаг. Сэтгүүлчид
өдөр бүр сонин, мэдээ гаргаж байна шдээ. Сайт хэд байна?
-Зуу
гаруй.
-Зуун
сайт дунд үг үсгийн алдаа гаргадаг сайтууд байлгүй яахав дээ. Хуучин бол
ганцхан “Үнэн” гэдэг сонин байлаа. Ганц сонин дээр алдаа гаргалгүй ажиллачихаж
чадалгүй яахав. Үсгийн алдаа засдаг хүн ч ажилладаг байсан. Гэтэл сайтын эзэд
үсгийн алдаа засдаг хүн ажилд авч, тэр сул орон тоонд зориулж цалин өгөх чинь
хэцүү биз дээ. Энэ амьдрал шүү. Бид одоо амьдралыг бодитоор харж сурах, бүхнийг
төгс байлгадаг үлгэр шиг юм ярьдагаа болих хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа зорилт
байх ёстой. Бид алдаа гаргадаггүй хөгжил рүү явах шаардлагатай. Үүнд цаг
хугацаа хэрэгтэй. Жишээ нь, анх удаа л бид монгол хэлний шалгалт авч үзлээ.
Энийгээ тогтмолжуулаад сайжруулах хэрэгтэй. Дээд боловсролтой болохын тулд чи
монгол хэлэндээ сайн байх ёстой гэдэг шаардлага тавих нь зүй ёсны асуудал
болчихоод байна. Ийм шаардлага түрүүнд нь тавьдаггүй байлаа.
Тийм
учраас бид тэр сурлага сайтай нөхдүүдийг багш болгож авья гэдэг хөдөлгөөнийг
өрнүүлээд хоёр жил болж байна.
Багшийн
чадварын асуудал нэг хэсэг унасан үнэн. Эдийн засгийн хүнд цаг үед бүх хүн
наймаанд явсан. Дараа нь гайгүй сурдаг хүмүүс хамгийн өндөр цалин авч болох
мэргэжлүүдийг сонгосон. Нэг үгээр хэлбэл сурлага сайтай хүүхдүүд багшийн
мэргэжлээс зугатаасан. Тийм учраас бид тэр сурлага сайтай нөхдүүдийг багш
болгож авья гэдэг хөдөлгөөнийг өрнүүлээд хоёр жил болж байна.
Энэ
хугацаанд би 2000 онц сурдаг хүүхэд багшийн сургуульд авчихлаа.
-Яаж тэр вэ?
-Төлбөрийг
нь Засгийн газар төлж байна. Одоо гол нь энэ авсан 2000 оюутнаа чанартай багш
болгоод авахын тулд ажиллаж байна. Үүний тулд Боловсролын их сургууль бүх
өөрчлөлтөө энэ асуудалд чиглүүлж байгаа. Яавал хүүхдийг хайрладаг багш
болгохов, яавал багш гэдэг мэргэжилд нь дурлуулах вэ гэдэг дээр ажиллаж байна.
Зарим мэргэжилтэн бүр надад “эд нарыг багшаас өөр ажил хийж чаддаггүй болгох
хэрэгтэй” гэнэ ээ /инээв/. Гэхдээ энэ бол амьдрал байхгүй юу. Бидэнд сайн багш
бэлтгэх шаардлага болон боломж одоо л гарч ирж байна. Энэ жив хоёр дахь удаагаа
элсэлт авахад боловсролын их сургуулийн элсэгчдийн дундаж оноо 615 байлаа шүү
дээ. Өмнө нь 500 хүрдэггүй байсан сургууль. Жижигхэн сэдэл дээр маш том
өөрчлөлт гардаг. Бүр 800 оноотой хүүхэд ч багш болно гээд орж л байгаа. Үнэхээр
багш болох сонирхолтой байна.
Багш
мэргэжил дээр бид “та багш болвол ажлын байр бэлэн байна. Бусад мэргэжил дээр
чинь ажлын байр хэцүү байна шүү” гэдэг сурталчилгааг хүртэл хийж байгаа. Өөрөөр
хэлбэл, өөрөө сураад сурчихсан тэр хэсгийг бид багшийн сургуульдаа элсүүлж
байгаа хэрэг. Мэдээж ирээдүйд бүгдээрээ сайжраад ирэхээр сайн, муу
багшийн тухай яриа гарахгүй.
ХҮҮХЭД ЗОДСОН БАГШИЙГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ӨӨР ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ
-Багшлах
эрхийг ямар хүн авдаг юм бэ. Сургуулиа төгсөөд л багш болчих уу?
-
Багш болчихсон хүндээ бүх талаараа хайр халамж, туслалцаагаа үзүүлье, нөгөө
талаараа тийм амархан багш болчихгүй гэсэн хоёр зарчмыг баримталж байна. Та
нарын хэлээд байгаа багшаар ажиллах эрхийн шалгалт анх удаа зохион байгуулахад
мянган хүнээс 40 хувь нь тэнцэж үлдсэн бусад нь шалгалтанд унаж байна.
Эхэлж шалгалтанд ороод уначихсан хүмүүс “биднийг шалгахгүй гээ биз дээ” гээд
ууртай байсан. Уучлаарай, ажлын чинь араас мөшгөхгүй гэсэн болохоос таныг
багшлуулах уу, үгүй юу гэдгээ бид шийднэ.
Уучлаарай, ажлын чинь араас мөшгөхгүй гэсэн болохоос таныг
багшлуулах уу, үгүй юу гэдгээ бид шийднэ.
“Би
бас юм мэддэг байх ёстой юм байна, мэдлэгээ үргэлж шинэчилж байх ёстой юм
байна” гэж багш болох хүсэлтэй хүмүүс ойлгож байна. Дараа дараагийн багш нар яг
энэ шүүлтүүрээр гарцаагүй орно. Түүн дотор нь мэдээж монгол хэлний шалгалт
багтана. Гэртээ очоод хүүхдийнхээ юу хийж байгааг нэг анзаар. Хүүхдийг
жаргалтай л байлга. Хүүхдээ яаж өөрөө дурлаж хичээлээ хийдэг болгох вэ гэдэг
дээр залуу ээж, аавууд анхаарах болохоос толгой руу нь цохиод ном сурдаг цаг
ерөөсөө биш гэдгийг сайн ойлгоорой. Бид ч тэгж сураагүй. Тэгж сурснууд нь
амжилт гаргаагүй байхгүй юу. Бүх их дээд сургууль төгссөн хүмүүс яаж сурснаа
нэг бод. Багш нар гар хөлийг чинь цохиж нүдээд, аав ээж чинь хүлж суулгаж
сургаа юу. Тэгж сурсан хэсэг нь дахиад өөрийнхөө гаргасан амжилтыг бод. Хүний
үгээр, хүчээр ном сурсан хүн амжилт гаргахад хэцүү. Үнэхээр сурах сонирхолтой
хүүхэд бол өөрөө билетээ уншиж өдөржин суудаг л байсан. Тэр хэсэг нь бол сайн
сурсан. Тэгэхээр яаж сонирхолтойгоор хүүхдээ сургах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.
-Багшийн
ёс зүйн талаар асуумаар байна. Цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутан байхдаа л
цэцэрлэгийн хүүхэд зодчих юм. Дунд сургуулийн биеийн тамирын багш нар
хүүхдүүдийг зоддог гэх гомдол маш их ирж байна. Дээд сургуулийн залуухан багш
нар нь оюутандаа дурлачихаад “хамт хоолонд орохгүй бол унагаана” гэдэг гэх юм.
Ийм аймшигтай, багш хүнд байж боломгүй ёс зүйн алдаа маш их гарч байна. Мэдээж
мэдээллийн бүх суваг нээлттэй болсноор энэ гомдол бидний чихэнд илүү ихээр
хүрдэг болсон байж болох юм. Гэхдээ бидний үед багш хүүхдүүдийн өмнө ямар
хувцастай гарах вэ гэдэг нь хүртэл тусгай асуудал байсан санагдана. Ер нь багш
нарын ёс зүйн тал дээр Боловсролын яам ямар байр суурь баримталдаг юм бэ?
-Багш
нарын ёс зүйн дүрэм гэж байгаа. Энэ дүрмээ л хаа сайгүй баримталдаг болох
хэрэгтэй. Хоёр зүйл байгаа юм. Багш нараас гарч байгаа араншин бүх л газар
байгаа. Автобусан дотор бөөн хэрүүл, таксины жолооч хүртэл зорчигчтойгоо улстөр
яриад л хэрэлдээд байдаг. Одоо манай нийгэмд бие биетэйгээ соёлтой харьцдаггүй,
хүлээцтэй тэвчээртэй ханддаггүй нийтлэг дутагдал байна. Багш нар тусдаа хүмүүс
биш шүү дээ. Нийгмийн л нэг хэсэг. Тийм учраас бид болгоомжтой хандах хэрэгтэй.
Гэхдээ бид таны ярьсан шиг ёс зүйн алдааг огт гаргахгүй байх тал дээр хичээж
ажиллаж байна. Хүүхдээ зодсон багшийг явуулах хэрэгтэй, өөр ямар ч арга
байхгүй. Энэ цаг үед хүүхэд зоддог багш гэж байх ёсгүй. Тэрийг хүлээн
зөвшөөрдөг аав, ээж ч байхгүй дээ. Багш нарыг хүүхэд зоддоггүй болгох тал дээр
сүүлийн арав гаруй жил маш их ажил хийгдсэн. Цаашдаа хамгийн чухал хийх ажил
бол бид нийгмийн ажилтнуудаа сэтгэл зүйч болгох гээд байгаа юм. Сургуулийн
нийгмийн ажилтан сэтгэлзүйч болсноороо хулгай хийдэг, худлаа хэлдэг, гадуур
тэнэдэг, элдэвт донтож байгаа хүүхэд болон зан харилцааны доголдолтой багш
нартай ажилладаг болно. Багш хүний мөрдөх ёстой энгийн ёс зүйг бүх хүнээрээ
мөрдүүлэхийн тулд тэдэнд бид туслах л хэрэгтэй. Уурыг яаж дарах, яаж тэвчээртэй
байх, хэцүү хүүхэдтэй яаж харьцах зэрэгт тэр хүмүүстээ сэтгэл зүйн зөвлөгөө өгч
тусална.
Одоо
манай нийгэмд бие биетэйгээ соёлтой харьцдаггүй, хүлээцтэй тэвчээртэй
ханддаггүй нийтлэг дутагдал байна. Багш нар тусдаа хүмүүс биш шүү дээ.
Боловсролын
шинэчлэлд бидний хийж байгаа ажлын чухал үр дүн хаана гарах вэ гэхээр багш хүн
багшлахаасаа илүүтэй хүүхдийг суралцахад туслагч болоход илэрнэ. Байр суурийн
хувьд жаахан өөр болж байна аа даа. Багш нар хүүхдүүдээ хүүхэд гэж харахаас
илүү хүн гэж харж харилцаанд орж, ний нуугүй ярилцаж эхлэх хэрэгтэй болж байна.
Амьдралынхаа туршид багшилсан хүн ангидаа орохдоо хүүхдүүдийг найзаа гэж
хардаг. Цэцэрлэгийн багш нар бол бүр гурван настай хүүхэдтэй хүртэл жинхэнэ
найзууд шиг ярилцдаг.
Тэгэхээр
би дахин дахин хэлмээр байна. Боловсролын салбарын шинэчлэлт явагдаж байна.
Хүнийг нэг л өдөр өөрчилчихнө гэж худлаа хэлж болохгүй. Цаг хугацаа
шаардлагатай.
-Багш
нарын цалин ойрын хугацаанд нэмэгдэх үү?
-Бүх
хүүхдээ сургах зорилтоо биелүүлэхийн тулд улс орны эдийн засаг даахгүй ачааг
нуруундаа үүрч байна. Үеийн үед л ийм байсан. Сургуулиуд нь хоёроос гурван
ээлжээр хичээллэнэ, багш нар нь хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж амжихгүй, ангийн
даац их. Энэ бүхэн улс орны эдийн засагтай л холбоотой. Улс орны эдийн засгийн
өсөлт ямар байна тэр хэмжээгээр бид багш нарынхаа тоо, цалинг нэмэгдүүлж,
орчинг нь сайжруулна. Түүнээс агаараас гэнэт буулгаад тэд болгоно гэж худал
амлалт өгч болохгүй. Төрийн албан хаагчдын өсөлтийг дагаад өнгөрсөн жил нэмсэн,
ирэх жил ч бас багахан хувь нэмэх л байх. Би залуу багш нартаа “та нар л сайн
хүн бүтээвэл улс чинь баян болж, чиний цалин хэд дахин нэмэгдэнэ” гэж хэлдэг юм.
Дахиад арав, хорин жилийн дараа багш нарын цалин бага, амьдрал хэцүү байна гэж
ярихгүйн тулд одооноос л монгол хүнийг сайн боловсруулах хэрэгтэй.
БИД 2021 ОНООС ПИСА ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Манай
улс боловсролын түвшингээрээ дэлхийд хаагуур яваа вэ?
-Боловсролын
салбарт үзүүлж байгаараа амжилтаараа бид байнга урагшилж байгаа. Бид дэлхийд
хэддүгээр байранд байна вэ гэдгийг харахын тулд 2021 оноос олон улсын
боловсролын (ПИСА) үнэлгээнд хамрагдахаар төлөвлөж байна. Энэ үнэлгээнд
хамрагдаад эхэлвэл боловсролын түвшин маань дэлхийд өрсөлдөхөд хаана байна
гэдгийг бодитоор харах бололцоотой болно. Харин хүртээмжийн хувьд зарим нэг хүн
ам олон, мөнгө төгрөг ихтэй улс орныг хүртэл гүйцчихсэн байдаг. Ер нь бид
боловсролын салбарт олсон ололтоороо аль ч цаг үед ухарч байгаагүй.
-Сурах
бичиг үргэлж л асуудал дагуулах юм. Ямар хүмүүс сурах бичгийг гаргадаг болохоор
ингэдэг юм бэ. Энийг таслан зогсоож болохгүй гэж үү?
-Сурах
бичгийг хамгийн сайчуул нь л хийж байгаа. Хэний ч бичсэн ном, зохиолыг
хөндлөнгөөс хүн шүүмжилж болдог. Чиний бичсэн нийтлэлийг ч, миний ярилцлагыг ч
шүүмжилнэ. Мэддэг хүн монголд хэт их болчихоод, чаддаг нь цөөхөн байна. Манай
дээд боловсролын шинэчлэл чаддаг монгол хүнтэй болохын төлөө явж байгаа. Гэхдээ
би одоо хийж байгаа ажлаа ертөнцийн гайхамшгийг хийж байгаа гэж зөрүүдлэхгүй.
Хоёр баг өрсөлдөөд аль чадалтай нь сонгогдож байна. Ялагдсан баг нь ялсныгаа
шүүмжилж байгааг харчихаад сурах бичиг муу болчихож гэж хэлж болохгүй л дээ.
Хэрвээ ялагдсан багаар нь хийлгэсэн бол бүр муу сурах бичиг гарна. Саяхан нэг
сурах бичгийн шүүмжлэл дээр казиногийн тухай сурах бичигт оруулж гэж байна лээ.
Казино мэддэггүй хүүхэд гэж байхгүй биз дээ. Тэгж өөрсдийгөө худлаа басч,
доромжлох дэмий. Хүүхдүүд биднээс их юм мэдэж байгаа. Манай бага хүү тавдугаар
анги. Хичээл нь өдөр 15.00 цагт тараад гэртээ харьдаг. Миний ажил 22.00, 23.00
цагт тарна. Тэр хооронд тэр хүн долоо, найман цаг зурагт үзэж байна. Би гэтэл
үзэхгүй. Тэгэхээр надаас лав илүү юм мэдэж байгаа. Хүүхэддээ үзүүлэхгүй гээд
зурагтаа гаргаж хаялтай биш, компьютероос хол бай гэлтэй нь биш. Манай ахмад
дээр үеийнхэн үр хүүхдэдээ хэлж, үзүүлэхийг хүсдэггүй байсан бүх мэдээллийг энэ
мэдээллийн хэрэгслүүдээр зүгээр л цацчихаж байна. Хамгийн гол зүйл бол
сурах бичгээр дамжуулаад өгөх ёстой мэдлэгээ өгнө.
Төрд
үнэгүй сургууль байхад тэрийг сонгохын оронд төлбөртэй сургуульд сургана гэж
байгаа бол тэр хүний л асуудал.
-Хувийн
дунд сургуулиуд зарим нь дэлхийд байхгүй төлбөр тавьчихаад сууж байх юм. Өндөр
төлбөртэй хувийн дунд сургуулиудад сурч буй хүүхдүүд сурлагаараа үнэхээр цойлж
гарахаар байж чаддаг уу. Энэ дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ?
-Сурч
байгаа шүү. Төрд үнэгүй сургууль байхад тэрийг сонгохын оронд төлбөртэй
сургуульд сургана гэж байгаа бол тэр хүний л асуудал. Хоёр хүний хоорондын
хэлэлцээ рүү бид дундуур нь ороод байх хэрэггүй л дээ. Харин хэт өндөр
төлбөртэй бол урсгал зардлын татаас өгөхөө больё гэсэн яриа бол байгаа.
ТВИТТЕР БОЛОН ФЭЙСБҮҮКЭЭР ИРГЭДЭЭС САЙДАД ТАВЬСАН АСУУЛТАНД ХАРИУЛТ
АВЛАА
-Идэр
есийн хүйтэнд, ид утаан дунд хүүхдүүдийг амрааж болдоггүй юм байх даа гэсэн
асуултыг @lkerdene
тавьжээ.
-Би
сайд болсон өглөөнөө хамгийн түрүүнд хийсэн ажил бол өвлийн утаан дотор аль
болох урт амралт гэдэг зарчмыг хэрэгжүүлж, хүүхдүүдийн өвлийн амралтыг хоёр
дахин нэмэгдүүлсэн. Энэнээс урт болгох гэхээр зуны цагт монгол хүн тарга
тэвээрэг авдаг гэдэг онол байдаг юм байна. Мөн сургалтын ашиглалтын асуудал
байдаг. Өвөл дулаан цахилгааныг нь тасалж болдоггүй болохоор хоосон байшин
ажиллуулах болчих гээд. Тэгэхээр энэ хоёр асуудлыг авч үзээд байж болох хамгийн
боломжит хувилбарыг сонгосон хэрэг.
Сурв: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 2012 оны
арванхоёрдугаар сарын 11-ний тушаалаар сурагчдын өвлийн амралтыг сунгаж
нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид таван долоо хоног, дунд ангийн
сурагчид гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг
болжээ.
-Ерөнхий
боловсролын сургуулиуд дотор гаазтай ундаа, чипс зарахыг хориглож болдоггүй юм
уу гэж @G_Natsagdorj асууж байна.
-Болно,
асуудалгүй. Багш нарын ажлыг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэж байгаа. Тэрэн дотор
эрүүл мэндийн асуудал багтана. Багш нар “хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг бид
яахаараа хариуцдаг юм” гээд багахан гомдолтой байгаа. Багш хариуцна гэдэг
сургууль хариуцна гэсэн үг. Тэгэхээр сургууль дотор юу зарах вэ гэдгийг тэд
хариуцлагатайгаар бодож эхэлсэн.
-Цэцэрлэгийг
есдүгээр сарын 1-нээс, ерөнхий боловсролын сургуулийг есдүгээр сарын сарын
15-наас, их дээд сургуулийг аравдугаар сарын 1-нээс хичээлийг нь эхлүүлж
болдоггүй юм уу гэдэг саналыг @tsbat_IT тавьсан
байна. Тайлбар нь, хөдөө орон нутгийн оюутнууд наймдугаар сар гарангуут л
хичээл эхэллээ гээд хот явчихдаг. Гэтэл ард нь намрын болоод өвлийн бэлтгэл гэж
өчнөөн ажлыг настайчууд нь хариуцаад үлддэг. Нөгөө талаасаа хот нэг л өдөр
гэнэт ачааллаа даахаа байтлаа бөглөрөөд байх шаардлагагүй болно гэж үзэж байгаа
юм.
-Сайн
санал байна, болно. Их сургуулиудын багш нар, удирдлагуудтай ярилцах хэрэгтэй.
Заавал аравдугаар сар гэлгүйгээр есдүгээр 20-ноос оруулдаг болсон ч болохоор
юм.
Их
сургуулиудын багш нар, удирдлагуудтай ярилцах хэрэгтэй. Заавал аравдугаар сар
гэлгүйгээр есдүгээр 20-ноос оруулдаг болсон ч болохоор юм.
-Зургаан
настай хүүхдүүдийг орон нутагт амьдруулахад хэцүү байна гэсэн асуулт ирсэн. Энэ
асуудлыг монголынхоо онцлогт тохируулаад өөрчлөх боломжтой юу?
-Зургаан
настай хүүхдүүдийг хүчээр авахгүй. Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын
тогтоол гаргаад зургаан настнуудын дотуур байрны орчинг тохижуулах ажлыг хийж
байна. Наад зах нь зургаан настнуудыг хариуцсан дотуур байрны багштай болох,
эцэг эх нь ирсэн үед хүүхэдтэйгээ гурав дөрөв хоночих боломжийг нь олгох
зэргээр аль болох хүүхдийг тав тухтай байлгах талаас нь анхаарч байна. Хэрвээ
хүүхдээ зургаан настайд нь оруулахгүй гэвэл сургууль дээр нь аваачаад бичиг
үсэг тайлуулж нэг сар болгоод, гэрийн даалгавар аваад, таван сарын дараа дахин
нэг сар сургуульд сургаж болно. Сургууль бүр өөрийн бодлогоор зохицуулах
боломжтой. Нөгөө яриад байгаа сургуулийн бие даасан байдлын ид шид энэ дээр
гарч ирэх юм.
-Баян-Өлгийн
хүүхдүүдийн монголоор ярих чадвар улам бүр муудаад байна. Энэ асуудалд
Боловсролын яам ямар байр суурьтай байгааг @sdavaa2002
асуусан байна.
-Ийм
хандлага тогтоод удсан юм билээ. Үндсэн хуулиа бариад Баян-Өлгийн хүүхдүүд
казак хэл дээр ном сурах бололцоог нь хангаж өгсөн. Ингэснээр залуус нь монгол
хэлгүй болох аюул бий болсон. Монгол хэлнийх нь сургалтыг сайжруулах шаардлага
байна. Дээр нь цэвэр монгол хэлээр сургадаг сургууль хүртэл байгуулах хэрэгтэй.
Энэ бүх ажил хийгдэж байна. Манай яамны хүмүүс монгол хэлийг сайжруулах
хөтөлбөрийг аймгийнх нь удирдлагатай хамтраад хийж байгаа. Энэ хөтөлбөрөөр багш
нарынх нь монгол хэлний чадварыг сайжруулах, монгол хэлний сургалтыг яаж
чанаржуулах вэ зэрэг сургалтууд явна. Гэхдээ энэ бол өөр хэн нэгэн санаа зовох
зүйл биш л дээ. Баян-Өлгийн хүүхдүүд болон аав, ээж нь санаа зовох асуудал юм.
Хүүхэд нь сайн боловсрол эзэмшиж, эх орныхоо аль орлоготой, хөгжилтэй газар
очиж ажиллах хэрэгтэй. Үүний тулд гарцаагүй монгол хэлээ сайн эзэмшсэн байх
ёстой юм.
Гэхдээ
энэ бол өөр хэн нэгэн санаа зовох зүйл биш л дээ. Баян-Өлгийн хүүхдүүд болон
аав, ээж нь санаа зовох асуудал юм.
-С.Дэмбэрэл
гишүүн энэ асуултыг тавьсан юм. Их дээд сургуулийг яагаад чөлөөлчихөж болохгүй
байгаа юм бэ. Б.Болд-Эрдэнэ багш бас саяхан “бидэнд академик бүү хэл эрх чөлөө
алга” гэсэн ярилцлага өгсөн байсан?
-Эрх
чөлөө бүрэн байгаа. Байхгүй гэж хэлж байгаа бол зүгээр шалтаг. Сургуулийнх нь
бүтэц зохион байгуулалтанд бид оролцоогүй. Гэхдээ хэд хэдэн юманд оролцоно. Нэгдүгээрт,
элсэлт ил тод явагдана, арын хаалгагүй болно. Сургалтын хөтөлбөрөө өөрсдөө
боловсруулсан юм шүү дээ. Энэ чинь эрх чөлөө өгсөн хэрэг биш үү. Урьд нь яам
боловсруулдаг байсан. Одоо бол багш нар өөрсдөө оролцоод, бодоод,
боловсруулсан. Тэр хөтөлбөрөөрөө энэ жил элсэлт авсан. Тэгэхээр би арын
хаалгаар элсэлт авахгүй. Ил тод байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Энэ жил
анх удаа онлайн элсэлт авлаа. Хоёрдугаарт, суралцах процесст хуурамч дүн
тавихаас сэргийлсэн хяналтын функц хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, сургалтын
ихэнх нь чаддаг хүн болгохын төлөө явагдана. Багш хэлж өгөх биш хүүхдээрээ
ажиллуулж, уншуулж, судлуулна. Дөрөвдүгээрт, та бүхэн судалгааны ажил
хий. Бид дэмжинэ гэж байгаа. Тавдугаарт, судалгааны ажлаа борлуулж,
өөрийн орлоготой бол. Технологи үйлдвэрлэх ёстой болохоос хүнд ном заах гээд
яваад байвал хэт өрөөсгөл. Өөрөөр хэлбэл их сургууль өөрөө эрдэм шинжилгээний
байгууллага болж хөгжих ёстой юм. Ийм болзлуудыг бид тулгаж байгаа. Төрийн
өмчийн сургуулиудыг хувьчлаач гэсэн санаа байж магадгүй юм байна л даа.
Хувьчлалыг хийж болно, тэр асуудалгүй. Хамгийн гол нь төрийн өмч байхдаа төрөөс
дэмжлэг авч илүү сайн хөгжих боломжтой. Илүү сайн хөгжих боломжоос
зугатах хэрэг байгаа юм уу. Улаанбаатарын төвд байгаа сургуулиуд асар үнэтэй.
Хэн ч худалдаж авч дийлэхгүй. Үнэгүй өгье гэхээр хэтэрхий шударга бус.
Улаанбаатарын
төвд байгаа сургуулиуд асар үнэтэй. Хэн ч худалдаж авч дийлэхгүй. Үнэгүй өгье
гэхээр хэтэрхий шударга бус.
Хэнд
өгөх юм. Менежментээр авья гээд байгаа юм. Яаж авах юм. Төрд байснаараа их
сургуулиуд хямраад байгаа юм байхгүй. Хариуцлагын л асуудал. Сургууль удирдаж
байгаа хүмүүс л хариуцлагатай бай л даа. Төрийн өмчинд байгаа учраас сургуулийн
захирлын сонгон шалгаруулалтыг яам хийж байгааг “бидэнд эрх нь алга байна” гэж
тайлбарлаж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй ээ. Шалгаруулалтанд орсон
үнэхээр чадалтай хүмүүс нь л ялсан. ШУТИС-ийн проектр байсан Очирбат, МУИС-ын
проектр байсан Галтбаяр шалгаруулалтанд ялсан. Хэн ч Галтбаяраас өндөр оноог
англи хэлэн дээр аваагүй шд. Төрийн албаны зөвлөлөөс суулгаж байгаад шалгалт
авахад бид ч давж авч чадаагүй. ЭМШУИС дээр Батбаатар ялсан. Тус сургуулийн био
анагаахын захирал байсан. Ялгаа байхгүй хамгийн өндөр оноог л авсан юм билээ.
Түүнээс энд улстөрийн томилгоо хийсэн асуудал огт байхгүй. Ялагдагчдад
бусад нь муухай юм шиг санагдаж байгаа байх. Тэгэхээр өөрсдөө шалгаруулалтанд
ор, даваад гараад ир. Хэн ч саад болохгүй.
ӨНӨӨДРИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН
МАШ БОГИНО ХУГАЦААНД ГАРНА
-Харвардад
Хятад оюутны тоо хэт их болоод тоог нь хязгаарлах хүртэл асуудал яригдаж байгаа
гэнэ билээ. Үнэн худлыг мэдэхгүй л дээ. Гэхдээ Хятадын засгийн газрын бодлого л
үүний цаана харагдаад байгаа юм. Манай улс ирээдүйн өндөр боловсролтой
хүмүүсийг бэлтгэхийн тулд дэлхийн нөлөө бүхий их дээд сургуулиудад мэргэжилтэн
бэлтгэх асуудалд хэр анхаарлаа хандуулдаг вэ?
-Бид
энэ жил дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан 100
оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх ажлыг амжилттай
хэрэгжүүллээ. Энэ ажилд зориулж 7-8 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн MIT,
Стэнфорд, Харвард, Лондонгийн бизнесийн сургууль, Кэмбрижийн их сургуулиудтай
хамтран ажиллаж байна. Дэлхийн сор болсон шинжлэх ухааны байгууллагуудтай нягт
хамтын ажиллагаатай болж байна. Мянган инженерээ Японд сургахаар боллоо. Японы
хэд хэдэн их сургууль монголд ирж хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Германаас
манай улсад технологийн сургуулиа байгуулчихлаа. Бид технологи, инженерийн
чиглэлээ герман, япон, шинэ мэдлэгийн чиглэлээ MIT, Стэнфорд, нийгмийн
ухаан талдаа Харвард, Лондонгийн бизнесийн сургуультай гээд дэлхийн
томчуудтай хамтарч байна. Нобелийн шагналтнуудыг төрүүлдгээрээ алдартай Японы
Регэн, Нагояагийн их сургуультай хамтарч байна. Удахгүй Монголоос нобелийн
шагналтан хэдэн арваараа төрнө. Яг жүдогийн дэлхийн аварга болж байгаа шиг. Энд
эргэлзэх зүйл огт байхгүй. Бид энэ зорилго чиглэл рүүгээ төсвийн хэдэн хувиа
зарцуулаад, эрдэмтэн судлаачдынхаа хандлагыг чиглүүлэх л асуудал байна.
Удахгүй
Монголоос нобелийн шагналтан хэдэн арваараа төрнө. Яг жүдогийн дэлхийн аварга
болж байгаа шиг. Энд эргэлзэх зүйл огт байхгүй.
Энэ
жилээс бид дэлхийн түвшний лабораториудыг дээд боловсролын байгууллагууд дээрээ
байгуулж эхэллээ. Энэ дээр дэлхийн тэргүүлэх судалгаанууд хийгдэнэ. Үр дүнг нь
зарлаад ирэхээр дэлхий дахины хосгүй чадвартай аавын охин, ээжийн хөвгүүд
өөрсдөө ирж ажиллахыг хүснэ. Энэ бол баталгаатай. Тийм цаг их ойрхон ирж
байгаа.
-Цаашид
хийх ажлаасаа товч дурьдаач гэвэл?
-Дээр
хэлсэнчлэн, дэлхийн шилдэг 100 сургуульд элсэж байгаа оноог нь харахад манай
улс үнэхээр дээгүүр байна. MIT-д гэхэд л манай Баттүшиг 160 гаруй мянган
залуусаас нэгдүгээр байранд жагсаж тэнцсэн. Дараагийн Баттүшиг манай улсад
хэдэн арав, зуугаараа бий. Тэгэхээр бидэнд шинэ мэдлэг бүтээдэг улс болох
боломж байна. Ийм болчихвол бид шинэ мэдлэгээ хэрхэн тээвэрлэх талаар хоёр
хөршөөсөө гуйхгүй, хөрөнгө оруулагчийг гуйх шаардлага ч байхгүй. Тэр хүмүүс,
тэр мөнгө өөрсдөө ирнэ. Энэ рүү л хүүхэд бүрийн хөгжил гэх бодлого, дээд
боловсролын байгууллагыг шинжлэх ухааны байгууллага болгоё гэх зорилт хоёр
тэмүүлээд байгаа юм. Олон ажил хийгдэнэ, хийгдэж ч байна.
Боловсролын
хүртээмжийн амжилтаа алдаж болохгүй. Монгол хүүхэд бүр сургуульд сурдаг,
цэцэрлэгт хамрагддаг, хүсч хичээвэл дээд боловсролоо эзэмшиж болдог болгохын
төлөө ажиллаж байна. Тэр хүсэлтийг нь зуун хувь биелүүлдэг байх боломжоор бид
хангах ёстой.
Сүүлийн
хоёр жилд 200 физик, химийн лаборатори авлаа. Энэ жил 50 гаруй сургуулийг смарт
болгох гэж байна. Бүх сургуулиа интернэтэд холбоно. Энэ нь монгол улсад анхны
удирдлага мэдээллийн том системийг бид яаман дээрээ өөрсдөө хийж байна. Сая хүн
зэрэг хандаж болдог мэдээллийн системийг анх удаа нэвтрүүлэх гэж байна. Ирэх
жилээс зуун хувь ажиллаад эхлэх юм бол монголын мэдээлийн технологи дэлхийн
хэмжээнд хүрсэн гэдгийг дэлхийд батлах том ажил болно. Энэ салбарт байгаа сая
хүний харилцаа маш энгийн, ойлгомжтой, ил тод болно. Дээд боловсролын
байгууллагуудын бүх хичээл онлайн болно. Заавал ангид очиж багшийн яриаг сонсох
биш, хичээл үзэж, номоо уншчихаад адилхан мэдээлэлтэй хоёр хүн мэтгэлцэх нь
байна. Бид ийм л сургалтыг хүсч байна. МУИС дээр энэ жилээс оюутнууд хичээл,
багшаа сонгож эхэллээ. Тэгэхээр багш нарын дунд эрүүл өрсөлдөөн гарч эхэлнэ.
Багш нар маань дэлхийн хэмжээний судлаач болохгүй бол манай дээд боловсролд өгч
байгаа мэдлэг хуучин байна. Зарим нь бүр 1980 оны хичээлээ хүртэл заадаг багш
байна гэнэ. Тэгэхээр бидэнд хийх ажил маш их байна.
Зарим
нь бүр 1980 оны хичээлээ хүртэл заадаг багш байна гэнэ. Тэгэхээр бидэнд хийх
ажил маш их байна.
Шинжлэх
ухааны чөлөөт бүс болох ёстой, ингэхийн тулд шинжлэх ухааны паркаа байгуулах
хэрэгтэй. Их сургуулиуд маань энэ ажил руу ханцуй шамлаад орчихсон байна. Дараа
нь бид шинжлэх ухааны хотоо байгуулах ажил байна. Хийх ажил их, хийх хүмүүс нь
монголд байна. Ганцхан зүйл байна шинжлэх ухааны судалгаа хийх хамгийн шилдэг
технологи, орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
-Их
ажлынхаа хажуугаар уншигчдыг маань хүндэтгэн цаг гарган ярилцсанд баярлалаа.
Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-Аливаа
улсын хөгжлийн хэрэгцээнд боловсрол хамгийн чухал байдаг. Жишээ нь дайны
байдалд байгаа хүмүүс боловсролоороо дамжуулж дараа үеийнхээ эх оронч цэргүүдийг
бэлтгэдэг. Хүн ам ихтэй аж ахуй ихээр эрхлэхийг зорьж байгаа улс боловсролоороо
дамжуулж маш сайн ажилчин ангиа бэлтгэдэг. Сайн дарангуйлагчтай улс орон үг
дуугүй гүйцэтгэгч нарыг бэлтгэдэг. Харин бидний энэ цаг үед бий болж буй
боловсролын захиалга бол хүүхэд бүрийг хөгжүүлэх. Монгол орон мэдлэг
үйлдвэрлэгч орон болоход зориулж захиалагдаж байгаа хэрэг. Бид түүхий эд
нийлүүлэгч орон болох гэж олон жил үзлээ. Гэтэл бидний мэдээд байгаа шиг тэр
хөгжил ирэхгүй байна. Очиж зугаалаад байдаг улс орноосоо илүү хөгжихийн тулд
тэднээс илүү чадалтай хүмүүсийг л төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ үй олноор нь.
Яагаад гэвэл бид цөөхүүлээ учраас боловсролтой, чадвартай хүмүүс маш их жин
дарах хэрэгтэй. Манайд байгаа давуу тал нь хүн амын 40 хувь нь боловсролын
салбарт байна гэдэг маш сайн үзүүлэлт. Тэгэхээр 10 хувь нь л шинжлэх ухааны
мэдлэг үйлдвэрлэх салбарт гараад ирэх юм бол монгол орны хөгжил шал өөр болоод
ирнэ. Маргаашийн монголын хөгжлийн загвар, эдийн засгийн бүтэц шинэ хөгжлийн
захиалга өнөөдрийн боловсролын системийн шинэчлэл байгаа юм. Өнөөдрийн
монголын боловсрол, монгол хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэж ажиллаж байгаагийн утга
учир нь энд оршино. Үр дүн нь богино хугацаанд гарах юм. Үүгээр бид дэлхийд
гайхуулдаг болно. Одоо ч монголын боловсролоор дэлхий гайхдаг. Монгол хүний
үндсэн өгөгдөл маш сайн. Сул тал ч их. Тийм болохоор сул талаараа өөрсдийгөө
гутаах биш сул талаа давуу талаараа нөхөж өөрсдийгөө хөгжүүлэх боломж бидэнд
байна.
Энэ
ярилцлагаар дамжуулаад Монголынхоо нийт багш нартаа Багш нарын баярын мэнд хүргэе.
0 Сэтгэгдэл:
Post a Comment