1/2/15

Бид хүүхдийг юунд сургах хэрэгтэй вэ?

Асуулт хэлэлцүүлэгт оролцоно уу?  Өөрийн үзэл бодлоо бичээрэй багш нараа! Санаа бодлоо хуваалцъя. 
COMMENT -д урьж байна. 
Бид хүүхдийн юунд сургах вэ?
  1. Мэдэхэд үү?
  2. Сэтгэхэд үү?
  3. Суралцаж сурахад уу?
  4. Хүсэж тэмүүлэхэд үү?
Багш таныг хамгийн тэргүүнд аль нэгийг нь тавь гэвэл та энэ асуултад хэрхэн хариулах вэ? Яагаад ингэж үзэв?

Мэндчилгээ

Монголын багш нартаа шинэ жилийн баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Энэ жил Боловсролын салбарын хувьд ялангуяа бага боловсролын хүрээнд өөрчлөлт шинэчлэлийн онцгой жил байлаа. "Бага боловсрол" бол хүний ирээдүйд, хүний хөгжил, хүмүүжил, төлөвшилд, тодруулбал хүүхдийн ирээдүй, амьдралд онцгой байр суурь эзэлдэг.
Багш та  эрдэм номд, танин мэдэхүйд шимтэн буй, хүн болохын ухаанд суралцах гэж буй мянга мянган хүүхэд багачууд, өсвөр үеийнхний сурах, хөгжих, төлөвших үйл ажиллагааг удирдах, дэмжих, туслах үүргийг хүлээсэн тэдний хамтран зүтгэгч, хүүхдүүдийн хайртай дотны хамтрагч нь билээ. Та бүхний хүүхдүүдтэй ажиллахдаа ухаан бодол,  ур чадвар, хүнлэг хандлага, чин сэтгэл гарган ажиллаж байдагт үргэлж бахархаж, талархаж байдгаа бид илэрхийлж байна.
2015 он та бүхэнд аз жаргал, сайн сайхныг авч ирнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.

12/11/14

Багш нараа ур чадвараа хөгжүүлцгээе! буланд зочлоорой.

Багш нар аа,  бодъё, бүтээцгээе!
"Хар навч" кейс  
Багш 2-р ангийн зургийн хичээл дээр намрын тухай ярилцав. Дараа нь салхинд хийсэн унаж буй модны навчисыг хүүхдүүдтэйгээ цонхоороо харан ажиглан зогсоно. Болдхүү түүнийг гунигтай харан зогсох ажээ. Хэсэг хугацааны дараа тэд суудалдаа суув. Багш хүүхдүүдэд навч зурах даалгавар өгчээ. Хүүхдүүд шар, ногоон, бас улбар шар навчнуудыг зурцгаажээ. Гэтэл нэг хүү багшаа Болдхүү хар навч зурсан байна тийм навч байдаггүй биз дээ хэмээн багшдаа хашгирах шахам хэлэхэд хүүхдүүд инээлдэв. Багш түүн дээр очин яагаад хар навчис зурснаа найз нартаа ярьж өгөхийг хүсчээ. Хүүхдүүд инээлдсэн болохоор гарах зүрх хүрсэнгүй. Энэ үед багш хүүхдүүдээ Болдхүү рүү анхаарлаа хандуулна уу бас чимээгүй суугаарай гэв. Тэр босон "Би уйлж буй навчийг зурсан юм. Цонхоор тэдний унаж байгааг харахад  өрөвдөлтэй байсан" гэв. Хүүхдүүд гайхан "багшаа навч бас уйлдаг юм уу? гэхэд багш тэгэлгүй яахав гээд яриагаа үргэлжлүүлэх гэтэл нэг охин босож тэр амьд яг бид нар шиг тиймээ багшаа гэв. 
Эргэцүүлэл-асуулт
  1. Охины асуултад багш юу гэж хариулах бол? Яриа цаашид хэрхэн өрнөх вэ?
  2. Хүүхдүүдийн дотоод мэдрэмж, сэтгэгдлийг багш хэрхэн ямар асуултуудаар илрүүлэх вэ? 
Өөрийн бүтээлч санаа, арга барил,  шийдлийг бичиж бидэнтэй хуваалцаарай. 
Багш нараа! Бие биенээсээ суралцацгаая.
 post a comment гэсэн дээр бичээд publish дарахад л бидэн рүү илгээгдэнэ.

Багш нарын туршлагаас

Монгол Улсын гавьяат багш Л.Гантөмөрийн туршлагаас
... Нэгдүгээр ангийн багшийн алхам тутамдаа цээрлэх зүйл бол илүү цагаар хүүхдийг ангид үлдээх гэж үзэх явдал. Энэ нь хүүхдийг залхаах байдалд хүргэх бөгөөд сурах үйлд идэвхгүй ханддаг болгоно. Мөн сайхан бичүүлж сургана гээд дэвтрийн хуудас дүүрэн бичих даалгавар өгдөг. Ингэх нь сайхан бичүүлж сургах биш харин даалгаврыг хайш яаш хурдан хийж дуусгах, оромдох муу хэвшилд сургадаг. Нэгдүгээр ангийн бяцхан шавь чинь 1-2 мөр бичихэд хангалттай. Иймээс ч би 4-5 мөрнөөс илүү бичих даалгавар өгдөггүй. Харин цөөн мөр бичихдээ маш нямбай, зөв зурлагаар бичсэн байхыг шаарддаг. Даалгавраа заавал шалгадаг, гаргасан алдааг тухай бүр нь хэлж өгч дагуулдаг. Би ангийн сурагчдаа 3 бүлэгт хуваан хичээлд бэлтгэхдээ түрүүлж яваа хэсэгт нэмэлт юу хийлгэх, бас нийтээр юу хийлгэх, удаан ойлгоцтой хоцорч болзошгүй цөөн сурагчидтай яаж ажиллахаа төлөвлөдөг. Ингэснээр хүүхэд бүр хичээлийн туршид хийх ажилтай байх бөгөөд хүүхдийн хөгжлийг боож барихгүй сайн талтай гэж үздэг. 
Багшийн гол зорилго хоцорч болзошгүй хүүхдээ дундаж хүүхдийн хэмжээнд хүргэхэд анхаарах ёстой. Ер нь бага ангид хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар авьяасыг илрүүлэхийн тулд дасгал ажил, уран хошин бодлого, зохион бичлэгийг багш өөрөө санаачлан зохиож байх нь чухал байдаг.

12/1/14

Хүүхдийн хэл яриа ба орчин





МУБИС-ийн Монгол Судлалын сургуулийн утга зохиолын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Оюунбадрах


            “Хүн болох багаасаа” гэж ардын мэргэн үг бий. Нарт ертөнцөд хүн биеийг олж төрсөн хүүхэд хэмээх нялх, балчир эрдэнийг нийгмийн хүмүүн болгон хүмүүжүүлэх олон хүчин зүйл байдгийн нэг нь эх хэлээрээ зөв сайхан ярьж, бичиж, найруулж сургах явдал юм.
            Энэ хэрэгт орчны нөлөө нэн чухал үүрэгтэй байдаг. Хамгаас урьтаж эцэг эх нь хүүхдээ хэлд орох үеэс нь зөв хэлүүлж, зөв дуудуулж, ээрч мааралгүй төлөв төвшин яриулж сургах учиртай. Ухаант ард түмэн маань энэ бүхнийг эртнээс ажиглан мэдэж дэс дараатай олон аргыг практик амьдралаасаа сонгон олсныг эдүгээ эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үүднээс үнэлэлт дүгнэлт өгсөөр ирсэн байна.

11/23/14

Монгол хүүхдийн ажигч гярхай чанарын онцлог

Монголчуудын нүүдэлчний соёл уламжлалтай холбоотой  нэг өвөрмөц чанар бол  ажигч гярхай чанар бөгөөд энэ нь юмсыг танин мэдэхэд нөлөөлдөг нэг дотоод хүчин зүйл гэж хэлж болно. Тиймээс ч бидний сэтгэлгээнд “монгол хүний хурц сэргэлэн ухаан, ажигч гярхай чанар” гэсэн ойлголт бий.